Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Засгийн газрын орлогч даргатай уулзлаа

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-22 13:37:17
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктэй өнөөдөр Төрийн ордонд албан уулзав.


Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 21-22-нд Монгол Улсад ажлын айлчилж байгаа юм. 


Уулзалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс, ОХУ-ын ард түмнийг сайн хөршийн харилцан итгэлцэл, хүндлэл, бат бэх нөхөрлөлийн барилдлага нэгтгэдэг хэмээн онцолсон.


Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд төмөр замын төв коридорын шинэчлэл, “Богдхан” төмөр зам болон ДЦС-3-ын өргөтгөл шинэчлэлийн төсөл, байгалийн хийн хоолойн төсөл, хилийн боомтуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, дэд бүтцийг сайжруулах зэрэг цогц ажил өрнүүлэхээр ярилцлаа. 



Түүнчлэн Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол механизм болох Засгийн газрын комиссын ээлжит 23 дугаар хуралдааныг энэ онд багтаан зохион байгуулахад үргэлжлүүлэн ажиллахаар тохиров. 


Монгол Улсын Засгийн газраас улс орны эдийн засгийг уул уурхайн салбарын хэт хамаарлаас ангижруулах, уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх, экспортын чиглэлтэй эдийн засгийн бүтэцтэй болох зорилтыг дэвшүүлсний зэрэгцээ  Монгол-Орос-Хятадын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгааг Шадар сайд С.Амарсайхан онцлон тэмдэглэж, ОХУ тогтмол дэмжиж ирсэнд талархал илэрхийллээ.



Экспортын чиглэлтэй эдийн засгийн бүтэцтэй болох зорилтыг хэрэгжүүлэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа, ялангуяа Монгол Улс-Евразийн эдийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр чухал нөлөөтэй учраас хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлыг ойрын хугацаанд дүгнэхээр талууд тогтлоо. 


Энэхүү уулзалтыг үргэлжлүүлээд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхана.

Холбоотой мэдээ