Улаанбаатар-Дархан чиглэлд автозам тавих төслийн бодит гүйцэтгэл 41.3 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-20 15:12:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд ЗТХ-ийн сайд Л.Халтар оролцож, Дархан-Улаанбаатар хоорондын автозамын асуудлаар мэдээлэл хүргэлээ.


УИХ-ын гишүүн Г.Дамдинням дээрх автозамын ажлын явцын талаарх асуулгыг Засгийн газарт тавьсны дагуу тэрээр мэдээлэл хүргэж байгаа юм. 


Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор Азийн автозамын сүлжээний АН-3 чиглэлийн автозамын хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэр гарсан.


Ингэхдээ, өмнө ашиглаж байсан хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд өргөтгөн шинэчилнэ. Харин Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны хөрөнгөөр шинээр нэмж 2 эгнээ авто зам барихаар төлөвлөсөн гэдгийг Л.Халтар сайд танилцуулгынхаа эхэнд тэмдэглэв.  


Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг таван багц хэсгээр зохион байгуулж байгаа аж. Тодруулбал, Баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто замын ажил I багц, Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замын ажил II багц, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын ажлыг III багц, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын ажил IV багц, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын ажил V багц хэмээн зохион байгуулсан байна.


I багцын санхүүжилтийн өртөг 85.43 хувь, ажлын гүйцэтгэл 95 хувьтай, III багцын санхүүжилтийн өртөг 92.72 хувь, ажлын гүйцэтгэл 97 хувь, V багцын санхүүжилтийн өртөг 95.45 хувь, ажлын гүйцэтгэл 99 хувьтай байгааг Л.Халтар сайд танилцуулсан юм. Харин II болон IV багцын ажлын гүйцэтгэгчийн гэрээг цуцалж, дахин тендэр зарлаж, 2021 оны долоодугаар сард сонгон шалгаруулжээ. II багцын гүйцэтгэгчээр “Арж капитал” ХХК-ийг сонгон шалгаруулж, 2021 оны есдүгээр сард гэрээ байгуулсан.  IV багцын гүйцэтгэгчээр “Чайна Жео-Инженеринг” корпорацыг сонгож мөн сарын 27-ны өдөр гэрээ байгуулж, зам тавих ажлыг эхлүүлсэн байна. II багцын санхүүжилтийн өртөг 15.2 хувь, ажлын гүйцэтгэл 18.5 хувь байгаа бол IV багцын тухайд санхүүжилтийн өртөг 5.32 хувь, ажлын гүйцэтгэл 7.5 хувьтай байгаа юм байна.


Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд барилгын ажлын талбай дээр 332 инженер, техникийн ажилтан, 160 орчим техник, тоног төхөөрөмж ажиллаж байгаа бөгөөд нийт таван багц хэсгийн ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн өртгөөр 60 хувь, ажлын хэмжээгээр 70.5 хувьтай хэрэгжиж байгаа гэлээ.



Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төсөл”- ийн зам тавих ажлын талаар үргэлжлүүлэн Л.Халтар сайд танилцуулав. Төслийн хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд шинээр хоёр эгнээ авто зам барих ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд ажлыг таван багц хэсэгт хуваан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, ажлын гэрээг 2020 оны 10 дугаар сард байгуулжээ.


Тодруулбал, Баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто замын ажил I багц, Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замын ажил II багц, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын ажил III багц, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын ажил IV багц,  Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 28.53 км авто замын ажил V багц гэж хуваасан байна. Итали Улсын “Аи Ар Ди Инженеринг” компани болон БНЭУ-ын “Интерконтинентал Консалтантс энд Технократс” компанийн түншлэл, хамтран оролцогч Монгол Улсын “Ай Си Ти Сайн Консалтинг ХХК зөвлөх компаниар ажиллаж байгаа юм байна.


I багцын  гүйцэтгэгчээр “Арж капитал” ХХК ажиллаж байгаа бөгөөд барилгын ажлын санхүүжилтийн өртөг 42.61 хувь байгаа бол ажлын гүйцэтгэл 62.48 хувьтай байгаа юм байна. II багцын гүйцэтгэгчээр “Жунмэй Инженеринг” групп компани ажиллаж, барилгын ажлын санхүүжилтийн өртөг 20.65 хувь байгаа бол ажлын гүйцэтгэл 36.73 хувь, III багцын гүйцэтгэгчээр “Жунмэй Инженеринг” групп компани ажиллаж байгаа бөгөөд барилгын ажлын санхүүжилтийн өртөг 19.65 хувь байгаа бол ажлын гүйцэтгэл 34.35 хувь байна.  IV багцын гүйцэтгэгчээр “Шанхай Констракшн” групп компани ажиллаж, барилгын ажлын санхүүжилтийн өртөг 17.48 хувь, ажлын гүйцэтгэл 29.64 хувь байгаа гэв. V багцын буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 28.53 км авто замын ажлын гүйцэтгэгчээр “Чайна Гежөүба” групп компани ажиллаж байгаа юм байна. Тус багцын барилгын ажлын санхүүжилтийн өртөг 22.81 хувь, ажлын гүйцэтгэл 43.33 хувь байгаа аж.


Ажлын явцыг эрчимжүүлэхийн тулд салбарын сайд 14 хоног тутам газар дээр нь очиж ажиллаж байгаа гэв.

Гэрээний дагуу ажлын нийт гүйцэтгэл 2023 оны аравдугаар сарын 30-ны өдөр дуусах төлөвлөлттэй ч яамнаас 2022 оны 10 дугаар сарын 30-нд замын хучих ажлыг дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөөд байгаа гэдгээ Л.Халтар сайд дуулгасан. 




Дээрх танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй нийт төслийн хэрэгжилтэд холбогдох талууд анхаарч, хамтын ажиллагаагаа нягтруулах шаардлага бий гэдгийг хэлэв. Мөн тэрбээр II болон IV багцын ажлын гүйцэтгэгчийн гэрээ цуцлагдаж, дахин сонгон шалгаруулалт зарлах болсон шалтгааны талаар тодруулж, хариулт авсан. Дээрх багцуудын ажлыг нэг компани авсан байсан ч анх ажлын өртгөө маш багаар төлөвлөж оруулж ирсэн, улмаар гүйцэтгэлийн шатанд тодорхой шалтаг, шалтгаан хэлж ажил хийхгүй хугацаа удсан тул манай талаас Азийн хөгжлийн банканд хүсэлт гаргаж, гэрээ цуцлах асуудлыг хөндсөн гэв. Ийнхүү эл үйл явц дөрвөн сар хэртэй үргэлжилсний эцэст дараагийн сонгон шалгаруулалтаа зарлах боломжтой болсон байна.


Г.Дамдинням гишүүн замын гүйцэтгэлийн ажлын сонгон шалгаруулалтын талаар баримт, шүүмжлэл хэлж, үүнээс учрах хохирлыг хэн хариуцах талаар тодруулсан. Мөн гурван жил үргэлжилж буй энэ бүтээн байгуулах ажлын явцын талаар лавлав. Нийт ажил 40 орчим хувийн хоцрогдолтой байгаа талаарх мэдээллийг тэрбээр дурдаад III багцын ажлын саатлын талаар тодруулахад бороо орсон гэх шалтгаан хэлдэг болохыг дурдаж, тодруулга авсан.


Ажил гүйцэтгэх компаниудыг Азийн хөгжлийн банкны дүрэм, журмын дагуу явагддаг бөгөөд энэ дагуу салбарын яаманд Үнэлгээний хороо байгуулагдан, ажилладаг гэдгийг ЗТХ-ийн сайд хариулав. Үүний зэрэгцээ Азийн хөгжлийн банкны зөвлөх ажилладаг. Үнэлгээний хороо шалгаруулах дүн мэдээг Азийн хөгжлийн банк руу илгээж, тэндээс хянаж, хүлээн зөвшөөрснөөр гэрээ байгуулдаг гэлээ.


Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төсөл”-ийн багийг яам зохион байгуулаагүй улмаас төслийн ажил, санхүүжилт гацаад байгаа гэдгийг Х.Булгантуяа гишүүн хэлээд, энэ талаар Л.Халтар сайдаас тодруулга хийлээ. Тус төслийн 24 сая ам.долларын санхүүжилт батлагдсан байгаа бөгөөд 11.7 сая ам.долларын урьдчилгааг гүйцэтгэгчдэд олгосон бол 7.9 ам.долларын санхүүжилтийг олгоод байгаа, үлдсэн 4.5 сая ам.долларын санхүүжилт гацсан гэх мэдээллийг ажлын баг өгсөн. Нийт төслийн бодит гүйцэтгэл 41.31 хувьтай байгаа юм байна. Гурван жил үргэлжилж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явц нь төрийн ажлын хангалтгүй төлөвлөлт, гүйцэтгэлийн тод жишээ болж, үүнээс нь үүдэн иргэд, аж ахуйн нэгж, бизнесүүд шууд болон шууд бусаар асар их хохирч байгааг О.Цогтгэрэл гишүүн хэлж, энэ талаарх тооцоо, судалгаа бий эсэхийг асууж, үүний хариуцлагыг хэн хүлээх талаар тодруулсан юм.


Олон улсын чанартай энэхүү сонгон шалгаруулалтад дотоодын компаниуд оролцоход шалгуурыг хангадаггүй учраас гадны компаниуд түлхүү оролцдог, шалгарсан гадны компаниуд зарим төрлийн асуудал үүсгэдэг гэх тайлбарыг салбарын сайд хэллээ. Гадны компанийн ажилтнууд цар тахлын улмаас ирж чадаагүй гэх шалтгааныг мөн дурдав.


Байнгын хорооны хуралдаанд оролцсон Х.Болорчулуун, С.Чинзориг, Б.Энх-Амгалан нарын гишүүд ажлын багаас асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж байсан юм.



Төгсгөлд нь Дархан-Улаанбаатар хоорондын авто замын асуудлаар мэдээлэл сонсох тухай асуулт тавьсан УИХ-ын гишүүн Г.Дамдинням үг хэллээ. Төслийг эрчимжүүлж, цар тахлын нөлөөг тооцсон төлөвлөлт гаргах шаардлагатай байгааг тэрбээр салбарын яамны хамт олонд санууллаа. Мөн тэрбээр уг ажлыг эрчимжүүлэх ажлын баг байгуулах санал гаргасан юм. Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар эл саналыг хүлээн авч, дээрх автозамыг бүтээн байгуулах асуудлыг эрчимжүүлэх ажлын баг байгуулан, тэр хүрээндээ тодорхой асуудлыг шийдвэрлэх, хяналт тавих нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. 


Мөн хуралдаанаар, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг байгуулав. Тус ажлын багийг УИХ-ын гишүүн С.Чинзоригоор ахлуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх энэ саналыг дэмжлээ. 

Холбоотой мэдээ