Өрхийн эмнэлгийнхэн завгүй ажиллаж, иргэд бухимдсан өдрүүд үргэлжилсээр...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-10-25 14:07:31

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговьд коронавирусний халдварын тохиолдол зарим өдөрт 350-500 хүртэл тоогоор илэрч байгаа бөгөөд Сайншанд суманд өдөртөө 100-200 орчим тохиолдол бүртгэгдэж байна.

Нэг талд өрхийн эмч, сувилагч нарын ажлын ачаалал ихэсч, нөгөө талд эмнэлгийн үйлчилгээ авах гэсэн иргэдийн бухимдал үүсээд байгаа юм. Өрхийн эмч нар хэрхэн ажиллаж байгааг хүргэе.

Сайншанд сумын Нарлаг шанд хорооллын ойролцоо ажил үүргээ гүйцэтгэж яваа өрхийн эмнэлгийн ажилтнуудтай тааралдлаа. Тэд коронавирусний халдвар авч гэрээр эмчилгээ хийж байгаа айл өрхийн бүртгэлийг хөтлөн, хаягийг тулгаж, эмчилгээ үйлчилгээ хийж, шинжилгээ авч яваа юм.

Тэдний ярианаас цөөн үгийг буулгав.“Саяхан дуудлага өгсөн Бат-Эрдэнийн гэрийн хаяг нь энэ байна. Цээж өвдөж, хоолой хөндүүрлэсэн анхны шинж тэмдэгтэй. Дөрвөөс тав хоног ханиалгасан. Цээжээ чагнуулж давхар шинжилгээ өгмөөр байна, даан ч өрхийн эмнэлэгт очих боломжгүй гэсэн. Тэгэхээр эхлээд энэ айл руу очоод хүнээ үзээд зөвлөгөө өгье” хэмээн хүний нэр цувуулж бичсэн олон хуудас цаас бариад явж одов.


“Агатова” ӨЭМТ-ийн их эмч З.Нэргүйцэцэг : Чадах ядахаараа л хичээн ажиллаж байна 

2021.10.16


     

“Агатова” ӨЭМТ-ийн их эмч З.Нэргүйцэцэгийг Сайншанд сумын нэгдүгээр багийн гуравдугаар 60 айлын орон сууцны айлд эмчилгээ хийгээд гарч ирэхэд нь хэсэг хором ярилцлаа.

Өрхийн эмчид хандсан дуудлага, өвчнөөс улбаалсан хүмүүсийн бухимдал маш их байна. Чадах ядахаараа л хичээн ажиллаж байна. Өдөрт 20-30 айлд орж эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Айлд орохдоо гэрийн бүх хүмүүсийн биеийн байдлыг үзэж, заримд нь шинжилгээ хийж, заримд нь цагийн тариа хийж байна.

Нэг айлд нэг хүний биеийг үзэх биш хэд хэдэн хүнийг давхар үздэг болохоор энэ хугацаанд утас дуугарах, дуудлагад хариу өгөх боломж хомс юм. Үүнээс болж хүмүүс уурлах бухимдах, элдвээр хэлэх асуудал гарч байна. Манай эмнэлэг таван их эмчтэй.

Нэг хэсэг гуравхан эмч ажилласан. Нэг нь айлуудаар явж эмчилгээ хийнэ, нөгөө нь амбулаториор хүмүүсээ үзэж эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ, нөгөө нь “Ковид-19”-ын нэг цэгийн үйлчилгээ үзүүлж эмнэлгийн багцаа тарааж, хүмүүст зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.

Харин өнөөдөр нэг эмч маань ажилдаа орлоо. Сүүлийн үед улаан загалмай, цэцэрлэг, анагаахын сургуулиас хүн хүч нэмэгдэж эмнэлгийн ажилтнуудын ажлаас хуваалцаж байна. Манай хамт олон есдүгээр сарын 2-ноос эхэлж өнөөг хүртэл 1700 гаруй хүнд ковидын эмчилгээ хийлээ. Манай өрхийн эмнэлэг нэг машинтай. Ядаж хоёр машинтай бол эмч, сувилагч нар зэрэг ажлаа хийгээд яваад байх боломж бүрдэнэ гэв.


“Талст зам” ӨЭМТ-ийн их эмч И.Баасанжаргал: Утсаар загнахад нь заримдаа уйлмаар санагддаг

2021.10.14.


Би Сайншанд сумын “Талст зам” ӨЭМТ-д их эмчээр ажилладаг. Өөрөө энэ өвчнөөр өвдөж эдгэрээд ажилдаа орсон. Мөн хоёр хүүхэд маань ч өвдсөн. Тэр үед хүүхдүүдтэйгээ долоо хоногийн турш уулзаагүй тохиолдол ч бий. Коронавирусний халдварыг гэрээр эмчлэх шийдвэр гарсан есдүгээр сарын эхнээс эхлээд айлуудаар явж багц тараан, хүмүүсээ үзэж, зөвлөгөө мэдээлэл хүргэн ажилласан.

Одоо гэрийн эмчилгээний багц олгож зөвлөгөө мэдээлэл өгч байна. Энэ хугацаанд 386 хүнийг гэрийн хяналтад оруулсан. Өглөө ажилдаа 08.00 цагт ирээд үдэш гэртээ харина. Өдөрт маш олон хүнтэй харьцаж байгаа учраас тэр болгон бүх хүнд хүрч үйлчилж чадахгүй тохиолдол гарна.

Тухайн хүнийг үзээд амин үзүүлэлт нь хэвийн, гэрээр эмчлэх боломжтой байхад л “үхэх гээд байхад чи эмнэлэгт хэвтүүлсэнгүй. Чи эмч мөн үү гээд л загнах жишээтэй”. Бүр өглөө эрт, эсвэл шөнөөр залгаад л үхлээ  гэж ярьсан хүмүүс ч байдаг. Цайны цаг 12.00-13.00 байхад л яг энэ үеэр ирчихээд л уурлаж бухимдаад байдаг. Үнэндээ өрхийн эмнэлгийнхний хүн хүч хүрэлцэхгүй байна гэв. 

“Талст зам” ӨЭМТ дөрөв, долдугаар багийн нийт зургаан мянга гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг. Нийт 12 хүний орон тоотой. Таван их эмч, дөрвөн сувилагч, жолооч үйлчлэгч ажилладаг. Стандарт орон тоонд хүрч үйлчилж  чадахгүй байна.

Есдүгээр сарын 2-ноос ковидын гэрийн эмчилгээ эхэлж, энэ хугацаанд 1255 хүн эмчилгээ хийлгэж 814 нь эдгэрсэн. Үүнтэй холбоотойгоор өрхийн эмнэлгийн ажилтнууд ядарч дархлаа суларч байгаа. Одоогийн байдлаар таван ажилтан өвдөж, хоёр нь ажилдаа орсон. Сүүлийн нэг жилд хагас бүтэн сайнд цөөхөн амарсан гэж тус  ӨЭМТ-ийн дарга Д.Нарантуяа өгүүлэв.

 

“Мишээлт мана” өрхийн эмнэлгийн сувилагч Сувилагч Г.Гангармаа: Өдөрт 100 гаруй тариа хийх үе ч байна 

 2021.10.22


Гэрийн эмчилгээ хийж яваа “Мишээлт мана” өрхийн эмнэлгийн сувилагч Г.Гангармаатай таарч ажлын ачаалал ямар байгааг тодруулсан юм. Манай эмнэлэг ковид халдвар авсан хүмүүсийг эмчлэх “Улаан бүс” болсон.

Өөрөөр хэлбэл хөнгөн туссан иргэд Өрхийн эмнэлэг дээр очиж эмчилгээ хийлгэж эхэлж байгаа. Харин гэрээсээ гарч чадахгүй, өндөр настай, хүнд хүмүүсийн гэрээр явж тариа хийж байна. Өдөртөө бараг 50-60 айлаар орж байсан.

Өнөөдөр 20 гаруй айлаар орж тариа хийлээ. Мөн тариа хийхээс гадна шинжилгээ хийнэ. Битүү хувцастай болохоор айлд орохоор халууцаж, айлаас гарахаар даарах юм даа. Ковидын эмчилгээ хийж эхэлснээс хойш ӨЭМТ-д болон гэрээр нийт өдөртөө 100 гаруй хүнд тариа хийж байна. Өглөө гараад л орой гэрийн бараа харж байна даа. Шөнийн тариаг ар гэр нь өөрсдөө хийдэг. Бид тухайн иргэнд тариа хэрхэн хийх талаар хэлж зааж өгөөд явдаг гэв.

 

 “Агатова” ӨЭМТ-ийн жолооч Б.Эрдэнэбат:Хүн хүч дутуу сандруу л байна

2021.10.16


Би 2004 оноос “Агатова” ӨЭМТ-д жолоочоор ажиллаж байна. Өглөө 08.00-аас үдэш хүртэл мөн амралтын өдрүүдээр 10.00-16.00 хүртэл ажиллаж байна. Эмчийг айлд ороод өвчтөнөө үзэж байх зуур дуудлага хүлээн авна, хаягийг нь тодорхой болгоно, үргэлжлүүлээд явна.

Дуудлагын хажуугаар хүндэрсэн хүнийг аймгийн эмнэлэгт хүргэж өгдөг. Нийт 30 гаруй хүнийг дараагийн шатлалын эмнэлэгт хүргэж өгсөн. Үнэхээр өрхийн эмчийн ачаалал их учир зарим хүмүүс үүнийг ойлгохгүй утсаар загнадаг.

Өндөр настай, ужиг хууч өвчтэй, бага насны хүмүүс их өвдөж өвчнөө хүндрүүлж буй.

Манай өрхийн эмнэлэг ганцхан машинтай тул эмчийн ажил дуусахыг хүлээх, дараагийн дуудлага хүлээгдэх, үүнээс болж зарим айлын гэрээр орж эмчилгээ үйлчилгээ хийх цаг оройтох, улмаар эмчилгээ хоцрох асуудал гарч байна.

Үүнээс улбаалж хүмүүс бухимдах, биднийг загнах асуудлууд ч гардаг. Ер нь иргэд их бухимдуу байна. Ядаж хоёр машинтай бол сувилагч эмч нар зэрэг айлаар яваад эмчилгээ хийгээд байх боломж бүрдэнэ гэв.

Хүн ардад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хамгийн анхан шатнаас нь хүргэдэг эмнэлгийн тусламж үйлчилгээ бол Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудын ажил юм.

Өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, нялхас, жирэмсэн эхчүүд гээд шаардлагатай хүмүүсийн гэрээр явж хүүхдээс нь дутахгүй харж хандаж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, тойлж, тусалж байдаг тэд хүн төрөлхтнийг хамраад байгаа “Ковид-19” хэмээх цар тахлын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх амаргүй бөгөөд хариуцлагатай ажлыг залгуулж байна.

Сайншанд сумын “Талст зам” ӨЭМТ, “Мишээлт мана” ӨЭМТ, “Агатова” ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнууд коронавирусний халдвараар өвдсөн хүмүүсийг түргэвчилсэн оношлуураар шинжлэх, бүртгэх, гэрийн эмчилгээ олгох, гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийг эргэх, шаардлагатай үед тариа тарих, хүндэрсэн хүмүүсийг дараагийн шатлалын эмнэлэгт хэвтүүлэх ажлыг гүйцэтгэж буй.

Энэ оны 10 дугаар сарын 25-ны байдлаар Дорноговь аймагт коронавирсут халдварын 15156 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 37 иргэн нас бараад байна. Коронавирусний халдварыг гэрээр эмчилж эхэлсэн есдүгээр сарын эхнээс эхлээд Өрхийн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдсэн юм.

Тэд бол ширээний ард сууж хүн үздэг эмч нар биш юм аа. Гадуур явж иргэдтэй харьцана, айлын хаалга цохино, нохойд хөөгдөж  хүмүүст загнуулах энүүхэнд. Эрүүл мэнд нь хүндэрсэн иргэнийг өрхийн эмч нар эмнэлэгт  хэвтүүлэхээр хандахад дээгүүрээ томроод хүлээж авахгүй байх, эсвэл дээрэнгүй харьцах, элдвээр загнах байдал гарч буй. Эмчилгээ үйлчилгээнээс гадна тэдний бичиг цаасны ажил нь дуусдаггүй аж.

Өрхийнхөн хэлж зүрхэлдэггүй л болохоос тэнд асуудлууд байна. Өрхийн эмнэлгийн автомашины хүртээмжийг нэмэгдүүлж, эмнэлгийн ажилтнуудын орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай болжээ. Таваас зургаан мянган иргэнд нэг автомашинаар эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг болохоор өвдөж шаналсан иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ оройтож очих нь тодорхой юм. Өрхийн эмнэлгийнхэн завгүй ажиллаж, иргэд бухимдсан өдрүүд үргэлжилсээр. 

Холбоотой мэдээ