“Netflix”-ийн хэрэглэгчдийн тоо 215 сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-10-20 10:37:54

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Netflix” корпорацын төлбөртэй үйлчилгээг ашигладаг хүний тоо 214 сая давсан тухай компанийн өнгөрсөн улирлын тайланд дурджээ.


Есдүгээр сарын 30-нд дууссан гуравдугаар улиралд “Netflix”-д бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо 4.4 саяар нэмэгдсэн байна. Компанийн урьдчилсан таамаглалд дурдсанаар, дөрөвдүгээр улирлын эцэс гэхэд хэрэглэгчдийн тоо 8.5 саяар нэмэгдэж, 222 саяд хүрэх аж. “Netflix” энэ оны эхээр 167.09 сая бүртгэлтэй хэрэглэгчтэй байжээ.


Өнгөрсөн улиралд компанийн орлого 7.4 тэрбум ам.доллароос давсан бол 1.4 тэрбум ам.долларын ашиг олсон байна. Хоёрдугаар улирлын дүнгээр орлого 7.3 тэрбум ам.доллар байсан бол 1.3 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ.  


АНУ-ын Калифорни муж улсын Лос-Гатос хотод төвтэй “Netflix” компани нь 1997 онд байгуулагджээ. Тус компани дэлхийн 190 гаруй оронд видео стримингийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2013 оноос өөрсдийн бүтээсэн кино, цувралууд, телевизийн нэвтрүүлгүүдийг гаргадаг болсон байна. 


Холбоотой мэдээ