Халагдсан цэргүүдийг 4500 гаруй ажлын байранд зуучилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-19 13:57:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ-ын Цэргийн штабаас өчигдөр нийслэлийн цэрэг татлагын товчооны нэгдсэн хурлыг зохион байгуулсан юм.


Хуралд өмнөх оны цэрэг татлагаас халагдан ирсэн цэргүүдийг хэрхэн хүлээж авсан талаар НЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер, дэд хурандаа С.Баярмагнай танилцуулав.


Тодруулбал, Зэвсэгт хүчин болон хилийн анги, байгууллагаас халагдсан дайчдыг энэ сарын 15-16-нд хүлээн авч, хүндэтгэл илэрхийлсэн бөгөөд энэ үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон ажил олгогч байгууллагатай хамтран ажлын байранд зуучлах, хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулсан байна.


Уг сургалтад Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, Цагдаагийн газар, “Алтан боломж” сургалтын төв, “И-Март” худалдааны төв тэргүүтэй аж ахуй нэгж, байгууллагуудын хүний нөөцийн ажилтан, мэргэжилтэн оролцож, халагдсан цэргүүдийг 4500 гаруй ажлын байранд зуучилжээ.


Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер, дэд хурандаа С.Баярмагнай хэлэхдээ, “Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албанд явсан цэргийн бүх алба хаагч албаа нэр төртэйгөөр хааж, 100 хувь халагдаж ирсэн. Бид есөн дүүрэгт цэргүүдийг хүлээн авч, хүндэтгэл илэрхийлсэн, бүх төрлийн халамж үйлчилгээг хүргэж, ажлын байранд зуучилсан” хэмээв.

Холбоотой мэдээ