Свен Хэдинийн цуглуулгыг цахим хэлбэрт шилжүүлэх талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-10-15 14:59:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайд Т.Жанабазар Швед дэх Свен Хэдин сангийн тэргүүн Хоокан Валквисттай энэ сарын 14-нд уулзав.


Свен Хэдин нь 1920-1930-аад онд Монгол орныг судалж, судалгааны баг ажиллуулж, монголын түүх, соёл, урлаг, өдөр тутмын аж амьдралтай холбоотой гэрэл зураг, бичлэг, эд зүйлсийг цуглуулж, олон тооны ном бүтээсэн нэр хүндтэй Ази судлаач юм. Швед Улсад хадгалж буй Монголын түүх соёлын холбогдолтой эд зүйлсийн дийлэнхийг түүний цуглуулга эзэлдэг байна.


Уулзалтын үеэр Свен Хэдинийн цуглуулга дахь эд зүйлсийг олон нийтэд танилцуулах, цахим хэлбэрт шилжүүлэн нийтийн хүртээл болгох, 2024 онд тохиох Монгол, Шведийн дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хамтарсан үзэсгэлэн гаргах, Свен Хэдинийн монгол нутгаас авсан гэрэл зургуудын цуглуулгыг олон нийтэд танилцуулах талаар санал солилцов.


Сангийн тэргүүн Хоокан Валквист Шведийн Угсаатны зүйн музей болон Дорно дахины эртний эдлэлийн музей дэх Монгол үндэстний холбогдолтой зарим нэг сонирхолтой эд өлгийн зүйлийн талаар танилцуулж, цаашид монголчуудтай холбоотой эд зүйлсийг олон нийтэд хүргэх талаар холбогдох яамд болон мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал тул ЭСЯ-ны санаачилгыг дэмжиж ажиллах болно гэв.

Холбоотой мэдээ