Угтаалцайдамынхны амсхийх завгүй аравдугаар сар

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-14 12:27:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баруун хойд бүс нь голдуу тариалангийн бүс нутаг тул МОНЦАМЭ агентлагийн сурвалжлах багийнхан энэ удаад ургац хураалтын байдалтай танилцахаар төв аймгийн Угтаалцайдам сумыг зорьсон юм.


Тус сумын бүс нутаг нь ой хээр ба хээр талын завсрын бүсэд оршдог. Мал аж ахуй газар тариаланг хослон эрхэлж га-гаас авах ургацын хэмжээгээрээ аймагтаа тэргүүлдэг онцлогтой. Сумын эдийн засгийн хөгжлийн чиг хандлага нь бэлчээрийн болон эрчимжсэн МАА, газар тариалангийн үйлдвэрлэл юм.


Төв аймаг атар газар эзэмшсэн 60 гаруй жилийн түүхэнд өндөр өндөр ургац авч байна. Улсын үр тарианы ургацын 20-25 хувийг авч байгаа. Гол аж ахуй тариалан эрхлэлт Угтаалцайдам, Жаргалант, Цээл сумдад байдаг. Социализмын үед Угтаалцайдам сум 5 удаагийн улсын аварга сангийн аж ахуй болж байсан. Тэр үеэс хойш одоогоор 4 улсын аварга аж ахуй нэгж байдаг ажээ. Тэр ч утгаараа төв аймаг төмс, хүнсний ногоо, үр тариагаараа аймгийнхаа төдийгүй Улаанбаатар хотын хүнсний хэрэгцээг бүхэлд нь хангах хөрсний шим тэжээл арвин бүс нутаг юм.




2800 гаруй хүн амтай тус суманд газар тариалан эрхэлдэг 20 орчим аж ахуйн нэгж байдаг нь яах аргагүй атрын анхдагчдын өлгий, газар тариалангийн бүс нутаг гэдэг нь харагдана. Тус аймаг энэ онд үр тариа 77.5 мянган га, улаан буудай 68.7 мянган га, төмс 12.3 мянган га, хүнсний ногоо 1.6 мянган га, тосны ургамал 25.6 мянган га, тэжээлийн ургамал 44.1 мянган га-д тус тус тариалсан байна.




Эхлээд бид “Элсэн цагаан” ХХК-ийн захирал Ш.Рэнцэндоржтой ургац хураалтын явцын талаар ярилцлаа.


Тэрээр хэлэхдээ, “Энэ жилийн ургац хураалт ид  явагдаж байна. Манай Угтаалцайдам энэ жил урьд жилүүдэд байгаагүй их улаанбуудай тариалсан. Ургац сумын хэмжээгээр их сайн байгаа. Манай компанийн хувьд ч мөн адил ургац өндөр байгаа бөгөөд 20-25 центр хэмжээний ургац гарч байна. Улаанбуудайн ургац хураалт ид явагдаж байна. Энэ жил намар, зун их онцлог байлаа. Зун ойр ойрхон хур орж их сайхан байсан ч намар мөн адил ойр ойрхон бороо орж байгаа нь багахан хэмжээний бэрхшээл учруулж байна. Бэрхшээл байлаа гээд бид зүгээр суугаад байхгүй завсар зайгаар нь тариагаа хурааж цаг наргүй л ажиллаж байна. Цаг агаарын улмаас ер нь улсын хэмжээгээр л тариа хураалт оройтож байх шиг байна. Сүүлийн үеийн мэдээгээр улсын хэмжээнд ургац хураалт их бага хувьтай сонсогдож байсан. Манай компани эргэлтийн 3300 га-тай. Энэ талбайнхаа 60-70 хувьд нь тариалалт хийдэг. Энэ жил 2000 гаруй га газар улаан буудай тариалсан. Бусад хэсгээр өөр төрлийн тариалалт хийсэн. Энэ жил ургац  хураалт 9-р сарын дунд үеэс л эхэллээ. Одоо нийт ургацынхаа 30-35 хувийг хураагаад байна” гэлээ.


Ургац алдах магадлал харьцангуй бага байгаа талаар тэрээр мөн дурдаж байв. Энэ жилийн ургац хураалтаар тус сумын хэмжээнд ургац алдсан, ургац муу зэрэг тохиолдол гараагүй байна.




Угтаалцайдам сумын тос даасан үржил шимт бор хөрсөнд нь хувхай саваа унагасан ч ургаж навчилмаар өгөөж дэлгэр, баян сайхан хангай ажээ. Гэхдээ газар дэлхийн энэ их хишиг буяныг хөлсөө дуслуулж хөдөлмөрлөж чадсан хүн л хүртэнэ. Тиймээс хэзээ мөдгүй цагаан хяруу дарайх гэж байгаа намрын өдрүүдэд Угтаалцайдамынхан амсхийх завгүй ажиллаж байна. Тус сумын хувьд 10-р сардаа багтаан ургац хурааж дуусах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл байдал гайгүй байвал хугацаандаа хурааж дуусна гэцгээж байлаа.


“Ургац хураах, тариа тарих нь технологийн хугацаатай бөгөөд тэр хугацаагаа л аль болох барьж ажиллаж байна. Ер нь тариаланчид намар цагт өөрийн ажлын үр шимээ үзэх гэж нойр хоолоо хасаж ажилладаг улсууд шүү дээ” гэж “Элсэн цагаан” ХХК-ийн захирал Ш.Рэнцэндорж хэлж байв.


Угтаалцайдамын хувьд 36 мянган тоннын багтаамжтай тариа хадгалах элеватортой. 2013 онд ашиглалтад орсон энэхүү элеваторт Төв аймгийн бүх тариаланчдын нийлүүлсэн буудайг хадгалах боломжтой том байгууламж юм. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдгийн жишээ энэ биз ээ. Түүнчлэн өөрсдийн хураасан тариагаа нөөцөлж хадгалах бичил элеватортой аж ахуйн нэгж ч Угтаалцайдамд байдаг аж.


Мөн тариалан эрхэлдэг хүмүүсийн нэг чухал хөдөлмөрийн зэмсэг бол яах аргагүй техник, тоног төхөөрөмж юм.

Техникийн өндөр хүчин чадал гэдэг нь өөрөө хоёр талтай. Бага талбайд тариалдаг аж ахуйн нэгжүүдэд бол өндөр чадалтай комбайны хэрэгцээ байдаггүй аж. Газар тариалангийн техник тоног төхөөрөмж бол бүтээмж өндөртэй ч ашиглах хугацаа багатай, үнэ өртөг ихтэй байдаг байна. “Элсэн цагаан” ХХК-ийн хувьд ОХУ-д үйлдвэрлэсэн сүүлийн үеийн өндөр хүчин чадлын комбайн болон бусад үрлэгч машин зэрэг техникийг ашигладаг байна.




Мөн “Элсэн цагаан” ХХК нь механикжсан пунктыг 2017 онд өөрсдийн хөрөнгөөр ашиглалтад оруулсан байна. Энэхүү пункт нь социализмын үед газар тариалан эрхэлж байсан хүмүүс зохиож байсан боловч зах зээлийн шуурганы үед төмрийн хог болгон ачигдаад үрэн таран болоод дууссан аж. Тус төхөөрөмж нь хүний хөдөлмөр маш их хөнгөвчилсөн төхөөрөмж бөгөөд өдөрт 100 гаруй тонн будаа цэвэрлэдэг бөгөөд 1-2 хүн ажилладаг байна.


Үр тарианы үйлдвэрлэлд үр сортын асуудал маш чухал. Ер нь үр гэдэг өөрөө тухайн нутагтаа зохицсон байх ёстой. Угтаалцайдам сум бол газар тариалангийн олон жилийн туршлагатай. “Элсэн цагаан” ХХК-ийн хувьд Алтайн эсгий 7075 сортын үрээ өөрсдөө бэлддэг бөгөөд хураасан үрээ “Алтан тариа” ХХК жил бүр нийлүүлдэг мөн ХААХҮЯ-нд зохих хэмжээний үр тариа тушаадаг аж.




Энэ үеэр Угтаалцайдам сумын Засаг дарга Б.Нямлхагва хэлэхдээ, “Энэ жилийн ургацын хувьд бол Төв аймгууд болон Угтаалцайдам сумын хувьд ургацын гарц нэлээн сайн байна. Зуншлага сайхан байсан болохоор гарц нэмэгдсэн. Үе үе бороо ороод бага зэрэг хүндрэл учруулж ургац хураалтад нөлөөлж, ургац хураалт бага зэрэг оройтож байна. Угтаалцайдам сумын хувьд дөнгөж 30 хувьтай ургац хураан аваад байна.

Мөн Угтаалцайдам сум сүүлийн 20-30 жил тариа тариагүй 20 мянган га газарт тариалалт хийснээрээ онцлогтой жил болж байна.

Хүнсний ногооны ургац хураалт 70-80 хувьтай маш сайн байгаа. Манай сумаас энэ жил 2 аж ахуй нэгж зөвхөн хүнсний ногоон дээр цэргүүд авч ажиллуулсан. Мөн хүнсний талоноор хүнс авдаг 50 өрх байгаа бөгөөд тус айлуудад судалгаа хийн ажил хийх боломжтой 45 өрхийг дайчлан ажиллуулж байгаа” гэж онцоллоо.




Угтаалцайдам суманд 1961 онд “Сонин хангай” нэгдэл гэж байхад Улаанбаатар хотоос 76 залуу илгээлтээр ирж энэ нутагт атрын анхны шанг татсан түүхтэй. Сум, нэгдлийн төвөөс холгүйхэн хэдэн гэр бариад ажлаа эхэлж байсан атарчид тун удалгүй улс даяар алдар цуугаа цуурайтуулжээ. Тухайн үед Угтаалцайдам сум нийт 30 мянган га эдэлбэр талбайд тариалалт явуулж, 1973 оны өндөр ургацын жил 54 мянган тонн улаан буудай хураан авч улсад тэргүүлж байсан гэдэг. Угтаалынхан энэхүү хөдөлмөрийн амжилтаа буухиалан улсын ургацын аваргаар таван удаа шалгарсан бахархам амжилтын эзэд ажээ. Эдүгээ ч тэр л анхдагчдын татсан алтан тарианы шан бүдгэрээгүй байгааг ажилсаг, хөдөлмөрч нутгийн зон олон нотлон харуулсаар байна.




Засаг дарга Б.Нямлхагва болон бусад хүмүүс биднийг угтан авч “Хос нүдэн булаг” гэх газрыг зорилоо. Хос нүдэн булаг нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайн гэгдэх бөгөөд маш сайн хамгаалж төрийн хамгаалалтад авсан байлаа. Тус булгийн харалдаа “Сонин хангай” гэх өвөрмөц тогтоц бүхий нэгэн уул байсан бөгөөд энэхүү уул нь Автай Сайн Хаан одоогийн Угтаалцайдам сумын нутгаар аялж явахдаа үзэмж төгс сүрэг бугатай тааралдсан байна. Хаан өөрийн дагалдан явагсдын хамт мөнөөх бугын сүргийг гөрөөлөн хөөсөөр их уулын хашаа хороо мэт хадан хавцалд хашжээ. Хаалт хүрээ адил хад цохион хүрээтэй энэ уулыг Автай Сайн Хаан “Аятай сонин хангай байна даа” гэж таашаан магтжээ. Үүнээс үүдэн энэ уулыг “Сонин хангай” гэж нэрлэсэн домогтой аж.




Мөн бид 1965 оны намар тариан талбайд гарсан түймрийг унтраах гэж яваад амиа өргөсөн цэл залуу 18-20 настай охид, хөвгүүдийн гэгээн дурсгалд зориулсан хөшөөг үзэв. Тус галд 18-20 насны 9 охид, хөвгүүд амиа алдсан бөгөөд харамсалтай нь энэ хэргийн талаар тодорхой зүйл байхгүй, гал юунаас болж гарсан нь ч маш бүрхэг байдаг аж. 

Холбоотой мэдээ