Консерватив намын даргыг сонгох санал хураалт боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-06 13:36:46

ЛОНДОН. /NHK/. Их Британийн эрх баригч Консерватив намын шинэ дарга болон Ерөнхий сайд Дэвид Камероны халааг авах хүнийг сонгох эхний шатны санал хураалтаар тус улсын Дотоод хэргийн сайд Тереза Мэй 50-иас илүү хувийн санал авсан байна.

ЕХ-нд үлдэх эсэхийг шийдэх олон нийтийн санал асуулгыг Их Британи өнгөрсөн сард зохион байгуулах үеэр Тереза Мэй ЕХ-нд үлдэхийг дэмжиж байжээ.

Их Британийн парламентын доод танхимд Консерватив намаас сонгогдсон 329 гишүүн /Ерөнхий сайдаас гадна/ Ерөнхий сайдад нэр дэвшсэн таван хүний төлөө санал өгчээ. Тереза Мэй 165 гишүүний санал авч тэргүүлсэн бол түүний араас Их Британи ЕХ-ноос гарах нь зүйтэй гэсэн талыг дэмжигч, Эрчим хүчний дэд сайд Андреа Лидсом 66 санал авч удаалсан байна.

Харин Батлан хамгаалахын сайд асан Лиам Фокс хамгийн цөөн тооны санал авч Ерөнхий сайдын суудлын төлөөх өрсөлдөөнөөс хасагджээ.

Их Британийн парламент дахь Консерватив намын гишүүд одоо хоёрдахь шатны санал хураалтыг явуулж, хоёр нэр дэвшигчийг үлдээнэ. Үүний дараа тус намын 150 мянга орчим гишүүд есдүгээр сарын эхээр хоёр нэр дэвшигчээс намын даргаа сонгох юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ