Д. Нарандулам: Хүйс чинь таны хэн болохыг тодорхойлох ёсгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-10-11 21:20:46

Төв /МОНЦАМЭ/ Төв аймаг дахь "Эгээрэл" номын клубийн тэргүүн Д.Нарандуламтай ярилцлаа


-Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэхүү өдрийн хүрээнд Төв аймгийн залуу үеийн төлөөлөлтэй ярилцаж байгаа юм. Та уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? 

-Намайг Даваанямын Нарандулам гэдэг. МУИС-д Нийгмийн ажилтнаар суралцдаг.

-Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?

-Би одоогоос 4 жилийн өмнөөс л энэхүү мэргэжлээр сурахаар төлөвлөж байсан. Одоо хүссэн мэргэжлээрээ суралцаж байгаадаа маш их баяртай байдаг. Нийгмийн ажил нь нийгмийн өөрчлөлт, нийгмийн хөгжил, хүмүүсийн нэгдмэл байдал хүчирхэгжүүлэлтийг хөхиүлэн дэмждэг практик үйл ажиллагаанд суурилсан мэргэжил бөгөөд шинжлэх ухааны салбар л даа. Нийгмийн ажилтан хэмээх мэргэжлийн үнэ цэн, нийгэмд оруулж буй хувь нэмэр их байдаг. Сайн мэргэжилтэн болж нийгэмд тулгамдаж буй асуудлуудын гарц гаргалгааг олох, түүгээрээ дамжуулж олон хүмүүсийн амьдралд гэрэл асаахыг хүссэн болохоор энэхүү мэргэжлийг сонгон суралцаж байгаа.


-Таны өсвөр нас хэрхэн өнгөрсөн бэ? Өсвөр насандаа хүүхдүүд их эмзэг байдаг шүү дээ?

-Одоо бодох нь ээ би хаана үйл ажиллагаа болж байна, хаана хүүхдүүд цуглаж байна тэнд л гүйж явдаг их идэвхтэй, олон найз нөхөдтэй бас хөөрхөн найз хөвгүүнтэй хүртэл болчихсон их л завгүй охин гүйж явдаг байсан. Өсвөр нас бол сэтгэл зүйн хувьд хэт эмзэг, мэдрэмтгий байдаг л даа. Хааяа би дэлхийн төв мэт санагдаж, намайг л орчлон хорвоо тойрж эргэдэг мэт санагдах үе байдаг байсан. Заримдаа бол би юу ч биш мэт санагдаж сэтгэл санаагаар унах үе ч байсан. Ямар ч үед хажууд дэмжих, зөвлөх хүн байхад юу ч тохиолдсон даваад гардаг л юм байна лээ.

-Бидний үед ийм байдаг байлаа гээд бүх л насныхан ярьж суудаг шүү дээ Z үе хоорондын нийгмийн харилцаа ч бас өөр түвшинд байдаг байх. Таны үеийнхэн хүйсийн эрх тэгш байдалтай нийгмийн харилцаанд орж чаддаг гэж боддог уу? Таны өсвөр насанд охидын эрх хэр зөрчигдөж байхыг харж байсан бэ?

-Z үеийнхэн бүгд л хүйсийн эрх тэгш байдлыг эрхэмлэдэг гэж хэлэхгүй ч бидний үеийнхэн аль болох өмнөх үед байсан тэр ялгаварлыг зогсоох, тэгш бус байдлыг арилгахыг дор бүрнээ хичээдэг болцгоосон гэж би хардаг. Миний хувьд охидын эрх гэвэл сургуулийн орчинд л хамгийн их зөрчигддөг гэж харж байна. Ийм байж л ирсэн гэх хандлагаар ханддаг жендерийн тэгш эрхийг хөндсөн асуудлууд их байдаг. Жишээ нь: “Сургууль эмнэлэг биш” төсөл хэрэгжиж охидын үзлэгтэй холбоотойгоор хөндөгддөг олон асуудлыг гаргаж ирсэн байна лээ. Энэ мэтчилэн асуудлууд бага багаар шийдэгдэж байна л гэж харж байна.

-Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Өсвөр насандаа энэ өдрөөр зохион байгуулсан үйл ажиллагаануудад оролцдог байсан байх. Тэдгээр үйл ажиллагааг одоо ингээд харахад хэр үр дүнтэй ажил байсан гэж хардаг вэ? 

-Жил бүрийн энэ өдөр ойртох тусам л олон үйл ажиллагаанд оролцоод их л завгүй болчихдог байсан. Охид, эмэгтэйчүүд тэр дундаа хүүхэд төрүүлсэн өсвөр насны охид, бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг

“Гүнж” төвийн охидын манлайллын хөтөлбөрийг төгссөнөөс хойш үеийнхээ охидуудтай нийлж олон ажлыг зохион байгуулж ирсэн. Жишээ нь энэхүү хөтөлбөрийг төгссөн охид нийлж “Биднийг сонс” охидын эрхийн III-р чуулганыг зохион байгуулж байсан. Үүгээр сургууль дээр охидын үзлэг хийхийг, охидын эрхийг зөрчиж буй нэг хэлбэр гэж үзээд Охидын дуу хоолой судалгааг явуулж, үүнд үндэслэн “Сургууль эмнэлэг биш” төсөл хэрэгжсэн. Энэхүү төслөөр олон өсвөр насны охидод сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сургуулиудад охидын үзлэг хийхийг эсэргүүцсэн олон нөлөөллийн арга хэмжээг одоо ч явуулж байгаа. Ингээд харахад өсвөр насны охид нэг нэгнийхээ төлөө хэрхэн дуугарч, хөдөлж чаддаг гэдгийн нэг жишээг харуулсан гэж бодож байна.

-Ерөнхий боловсролын сургуульд байхдаа оролцоо их байжээ. Одоо ч тэр Төв аймаг дахь "Эгээрэл" номын клубийн тэргүүн нь байж олон залуусыг номд дурлуулж яваа. Оюутан болсноос хойш ном унших цаг гаргаж чадаж байна уу? 

-Сурагч байсан үеийнх шигээ бол цаг гаргаж уран зохиолын ном унших нь илт багассан. Одоо ихэвчлэн судалж буй хичээлийнхээ номыг уншихад л ихэнх цагаа зарцуулж байна. Гэхдээ л яруу найргийн номыг бол өдөрт хэд хэдэн хуудсыг заавал уншиж байж тайтгарна шүү дээ.


-Их сургуулийн чанар, хүртээмж, орчин, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг зэрэг нь ерөнхий боловсролын сургуулиас мэдээж өөр түвшинд байдаг. Харин багш, сурагчдын харилцаа хандлагын ялгаа хэр өөр санагдаж байв?

-ЕБС-ийг бодвол мэдээж багш нар нь сурагч нартайгаа өдөр бүр таарч, байнга тэрийгээ хийсэн үү, энийг одоо хийгээд үзүүл гэх бус оюутан хүн, ирээдүйн мэргэжлийн боловсон хүчин болох хүн ямар байх ёстойг жинхэнэ утгаар нь мэдрүүлж өгдөг. Их сургуулийн багш нар маань ч биеэ даах, өөрөө эрэл хайгуул хийж, сурч боловсрохын төлөө хэрхэн чармайх, цаг баримтлах гэх мэт зүйлсийг ухамсарт маань маш сайн суулгаж, академик түвшинд бид нартай харьцдаг санагддаг. Гэхдээ л ямар ч багш ялгаагүй шавь нарынхаа сурах их үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа бахархам сайхан хүмүүс дээ.

-Академик түвшинд мэргэшиж байгаагийн зэрэгцээ ёс зүй, ёс суртахуунд мөн давхар суралцаж байгаа байх. Эдгээр мэргэжлийн хичээлүүдийг судалж эхлэх үедээ өсвөр насны охидыг далд байдлаар хүчирхийлж байдаг, тэр нь энгийн зүйл шиг болчихсон, бүх хүмүүс хүлээн зөвшөөрдөг бүдүүлэг алдаа ажиглагдаж байв уу? Заавал дүү нартаа зааж өгөх шаардлагатай юм байна гэж бодогдох зүйл байсан уу?

-Өсвөр насны охидыг хэлж ярьж буй үгээрээ санаатай болон санамсаргүйгээр сэтгэл зүйн дарамтад оруулах нь түгээмэл байдаг. Дүү нартаа хандаж хэлэхэд, чамд эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол түүнийгээ тухайн хүндээ заавал хэлж өөрийн сэтгэл зүйн байдлаа илэрхийлэх нь тун чухал. За яахав байдаг л зүйл гэсэн хандлага нь даамжирсаар өнөөдөр чамайг, маргааш таны найз нөхдийг гэх мэтээр хүрээллийг тань сэтгэл санааны дарамтад оруулдаг. Чамд өнөөдөр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чинь хуулиараа олгогдчихсон байгаа тул чи өөрөө цэцэг шиг сайхан насаа хэн нэгний үгээр, үйлдлээр хиртүүлэлгүй авч явж, нийгмийн эмч болох боломжтой шүү гэдгийг хамгийн түрүүнд захиж хэлмээр санагддаг.

-Мэдээж их сургуульд газар газрын өөр арга барилтай багш, сурган хүмүүжүүлэгч нарын хоорондоо адилгүй шавь нар цуглаж, анги хамт олон бүрэлддэг шүү дээ. Тухайн үед энэ л зүйлийг тэр үедээ сурдаг байж гэсэн мэдрэмж авч байв уу?

-Одоо үеийнхнээсээ хоцорч байгаа ганц чадвар хэлний мэдлэг л байна. Үнэхээр нэг семинар дээр л 10-20 хуудас судалгааны ажил уншаад ярихад нэлээн хүндрэлтэй. Эхэндээ ч үнэхээр шантармаар санагдаад яах учраа олохгүй шөнөжин материалаа хараад сууж байгаад хичээлдээ очиж байсан үе ч байсан. Одоо бол овоо аргаа олж л байна даа. Хичээхэд болохгүй юм алга л юм байна лээ. 

-Хүүхдэд гэр бүл, багш сурган хүмүүжүүлэгч нараас илүү найз нөхөд болон үеийнхэн нь нөлөөлөх явдал их байдаг. Тэгэхээр охиддоо хандаж тэднийг эрч хүчээр цэнэглэх, сэтгэлзүйгээр дэмжих урмын үг хэлбэл?

-Охидууддаа захиж хэлэхэд эмэгтэй хүн болж төрснийхөө хувьд та хэн нэгнээс илүү ч биш бас дутуу ч биш. Хүйс чинь таны хэн болохыг тодорхойлох ёсгүй гэдгийг сайн санаарай. Эмэгтэй хүн болохоороо та ийм байх ёстой гэдэг хайрцагт битгий баригдаж өөрийн хүсэл мөрөөдлөө бүү хязгаарлуулаарай. Танд өөрт тань бүхнийг хийж бүтээх хүч бий. Та нар минь өөрөө өөрийнхөөрөө гэрэлтэж амьдралын охь шимийг хүртэж яваарай


Холбоотой мэдээ