Ким Жөн Ун улс орныхоо хүн амын амьдрах нөхцөлийг сайжруулахыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын эрх баригчид иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулахыг нэн тэргүүний зорилтуудынхаа нэг болгох ёстой гэж тус улсын удирдагч Ким Жөн Ун мэдэгджээ.
Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн /KCNA/ мэдээлснээр, Ким Жөн Ун эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн Нам (СХН) байгуулагдсаны 76 жилийн ойг тохиолдуулан үг хэлэхдээ ийм мэдэгдэл хийсэн байна.
Тус улсад социалист бүтээн байгуулалтыг чухам жирийн хүмүүс хийдэг гэдгийг тэрбээр онцлон тэмдэглээд бүх шатны удирдагчдад хандан "тэдэнд Бурхан шиг үйлчлэхийг" уриалсан байна. Түүнчлэн намын албан тушаалтнууд "хийж буй үйлдэл нь ард түмний эрх ашгийг зөрчсөн эсэх, тэдэнд түвэг учруулж байгаа эсэхийг үргэлж анхаарч үзэх ёстой" гэж онцлон тэмдэглэжээ.
Нам засаг нэгдүгээр сард болсон их хурлаараа тодорхойлсон улс ардын аж ахуйг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг урьдын адил үр дүнтэй урагшуулахаар төлөвлөж байгааг БНАСАУ-ын удирдагч онцлон тэмдэглээд иргэдийг хоол хүнс, орон сууцаар хангах асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхийг уриалжээ. Тэрбээр хэлсэн үгэндээ мөн өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийсэн намын гол бүтээн байгуулалтуудын талаар дурдсан байна.
Харин БНСУ болон АНУ-тай хийж буй БНАСАУ-ын харилцааны талаар дурдаагүй байна. Ким Жөн Ун 2011 оны сүүлчээр засгийн эрхэнд гарснаасаа хойш СХН байгуулагдсаны ойг тохиолдуулан анх удаа үг хэлжээ.
10 дугаар сарын 10-ны ням гарагт СХН байгуулагдсаны 76 жилийн ойг тус улс цэргийн сүр хүчээ харуулах парад зохион байгуулахгүйгээр тэмдэглэсэн байна. Намын болон Ким Жөн Уны улс орон, ард түмнийхээ төлөө хийсэн гавьяа зүтгэлийн талаарх хэд хэдэн нийтлэл гол сонинуудад нь нийтлэгджээ. Тухайлбал, "Нодон синмун" сонин тэргүүн өгүүлэлдээ улс орныхоо удирдагчдын эдийн засгийн асуудлыг шийдэхэд гаргаж буй хүчин чармайлтын талаар дурдаад удирдагчаа дэмжих хөдөлгөөнд оролцохыг иргэддээ уриалсан байна.