Тайвань батлан хамгаалах чадвараа үргэлжлүүлэн бэхжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-11 10:08:47

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Тайвань эх газрын Хятадаас үзүүлж буй дарамт шахалтын өмнө "толгой бөхийлгөхгүй" бөгөөд бүс нутаг дахь статус квог хамгаалж, батлан хамгаалах чадвараа үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэж арлын засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь мэдэгджээ.


Тэрбээр ийм мэдэгдлийг 10 дугаар сарын 10-ны ням гарагт Тайванийн үндэсний баярыг тохиолдуулан үг хэлэхдээ хийсэн байна.


“Тайванийг Хятад улсын санал болгож буй замаар явахыг хэн нэгнээр албадан шахуулахгүйн тулд бид батлан хамгаалах чадвараа үргэлжлүүлэн бэхжүүлж, өөрийгөө хамгаалах шийдэмгий байдлаа харуулсаар байх болно” гэж Цай Инвэнь мэдэгджээ.


Тэрбээр Тайбэй бүс нутгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахад бэлэн буйг цохон тэмдэглээд Тайванийн хоолой дахь статус квог өөрчлөх нэг талын оролдлогыг эсэргүүцэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн байна.


"Бид хоолойн хоёр талын хурцадмал байдал намжина гэж найдаж байгаа бөгөөд үүнд хөнгөн хуумгай хандахгүй. Гэхдээ Тайванийн ард түмэнд шахалт үзүүлж толгойг нь бөхийлгөх гэсэн бүтэшгүй санаа байх ёсгүй" гэж арлын засаг захиргааны тэргүүн цохон тэмдэглэжээ.


Цай Инвэнь хэлсэн үгэндээ БНХАУ-тай яриа хэлэлцээгээ сэргээх талаар нэг ч тодорхой санал дэвшүүлээгүй бөгөөд ийм яриа хэлэлцээг зөвхөн "тэгш эрхтэйгээр" хийх боломжтой гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. БНХАУ-тай хийж байсан хэлэлцээ 2016 оны тавдугаар сард түүнийг засгийн эрхэнд гарснаас хойш мухардалд оржээ.


1949 оноос хойш Тайвань нь эх газрын Хятадаас тусдаа засаг захиргаатай явж ирсэн боловч Бээжингийн эрх баригчид тус арлыг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үзсэн хэвээр байгаа юм.



Холбоотой мэдээ