“Тайшир-Алтай” төслийн ажил дуусч, техникийн комисс ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-06 16:02:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг байгуулагдсан цагаас хойш тулгамдаж буй асуудал бол ундны цэвэр усны хангамж байсаар өдийг хүрч байна. Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэхээр 2016 онд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн санаачилгаар Завхан голоос Алтай хот руу цэвэр ус татах “Тайшир-Алтай” усан хангамжийн төсөл хэрэгжиж, өнөөдөр техникийн комисс газар дээр нь ажиллаж эхэллээ.

Говь-Алтай аймгийн төв Алтай хотынхон 1950-аад онд Завхан голоос машинаар ус зөөж, ундандаа хэрэглэж байсан бол 1970 оноос худгийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авсан ч усны чанар ундны усны эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байсан аж. Ингээд 2000 оноос ус цэвэршүүлэх төхөөрөмж ашиглаж эхэлсэн бөгөөд дээрх ажлууд дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа учраас 2002 оноос Завхан голоос ус татах санал яригдаж эхэлжээ. 

2018 онд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн санаачилга ажил хэрэг болж Австри улсын 14 сая еврогийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа Тайширын УЦС-аас үүссэн “Гэгээн нуур”-ын усыг цэвэршүүлэн Алтай хот руу хүргэх ажлын анхны шат татагдсан юм. Энэхүү түүхэн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 54 км урт хоолойг байрлуулж, гурван обьект барьсан бөгөөд 300 гаруй түр ажлын байр бий болсон тухай холбогдох албанаас мэдээлэв.

Эхний барилгыг Гэгээн нуурын эрэгт барьж, ус цэвэршүүлэх үйлдвэрийн тоног төхөөрөмж суурилуулжээ. Өнөөдөр техникийн комисс усны нөөц сангийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Сонирхуулахад, ус дамжуулах хоолой нь Австри улсад үйлдвэрлэсэн өндөр технологийн чанартай бүтээгдэхүүн бөгөөд үйлдвэрлэгчээс 100 жилийн баталгаа өгчээ.


Холбоотой мэдээ