Манай орны цаг уурт тохируулан тоноглосон 21 автомашиныг Франц улсаас хүлээн авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын албаны төв, орон нутгийн анги, байгууллага өнөөдөр гал түймэр унтраах үндсэн албаны 21 автомашинтай боллоо. Эдгээр машиныг Франц улсаас нийлүүлж буй юм.
Тодруулбал, Монгол, Франц улсын Засгийн газар хооронд 2019 онд Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл санхүүгийн хэлэлцээр байгуулсан. Өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж буй тус төслийн хүрээнд Францын “Десотел” компани гэрээний дагуу 4 төрлийн 42 автомашиныг нийлүүлэхээс эхний ээлжийн 2 төрлийн дээрх машинуудыг Монгол Улсад хүлээлгэн өгөв.
Тусгай зориулалтын эдгээр машиныг манай орны эрс тэс уур амьсгал, цаг уурын нөхцөлд тохируулан үйлдвэрлэснээр онцлог аж. Тухайлбал, замын нөхцөлд тохирсон дугуйтай, хасах 40-өөс нэмэх 40 хэмд ажиллах тусгай тоноглол, хэрэгсэл, бүхээг тасалгаа бүрд нэмж халаагуур суурилуулсан, маневр хийх чадвар сайн, мөн амьсгалын иж бүрэн төхөөрөмж, нөөц агаар хадгалах саваар тоногложээ.
Түүнчлэн гал унтраах бодисын сав нь зэвэрдэггүй, хүчитгэсэн полистер материалаар хийсэн, шуурхайн ажиллах боломжтой 80 метр урт дамар хоолойтой өндөр даралтын хушуу, олон үйлдэлтэй аврах багаж, мөн загварын татагч төхөөрөмжөөр тоногложээ. Эдгээр машиныг хүлээн авахын өмнө төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллага, албаны техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн, жолооч нарыг тусгай дадлага сургалтад хамруулжээ.
Гэрэл зургийг Т.Чимгээ