“Ногоон хөгжлийн хэтийн зорилт”-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталлаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-10-05 09:36:49

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Ногоон хөгжлийн хэтийн зорилт”-ыг хэрэгжүүлэх II үе шатны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Тус аймгийн ИТХ “Ногоон хөгжлийн хэтийн зорилт”-ыг 2016 онд баталж, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуйг хөгжүүлсэн, аялал жуулчлалын бүтээгдэхүүний үр өгөөжийг дээшлүүлсэн ногоон бүтээн байгуулалт, ногоон өсөлт бүхий эдийн засагтай аймаг болох зорилго тавьсан юм.

“Ногоон хөгжлийн хэтийн зорилт”-ыг хэрэгжүүлэх II үе шатны үйл ажиллагааны төлөвлөгөөг биелүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгалаа. 2024 он хүртэл хэрэгжүүлэх төлөвлөгөөнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон байдлаар эдийн засаг нийгмийн салбарыг хөгжүүлж, экосистемийн тогтвортой байдлыг хадгалан хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг тэргүүлэх салбараа болгож, байгалийн нөөцийг зохистой ашиглах замаар иргэд эрүүл аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд зорилго зорилтуудыг дэвшүүлсэн байна. Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсийг багасгаж, болзошгүй эрсдэлийг бууруулах, дасан зохицох, усны болон бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлж, усны хомсдол бохирдол, экосистемийн доройтлыг бууруулах, экологийн цэвэр хүнсний болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангах өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, хөнгөлөлттэй зээл, урамшууллын систем буй болгох замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Мөн аймагтаа мал аж ахуй, загас үржүүлэг болон модон бүтээгдэхүүнийг боловсруулах, хүлэмжийн хийн ялгарал багатай эко үйлдвэрлэл хөгжүүлэх нөөц боломжийн судалгаа хийж, үйлдвэржүүлэх хөрөнгө оруулалт татах ажлыг эхлүүлэх зорилт тавьлаа. Томоохон зам дагуу болон аялал жуулчлалын маршрутаар үйлчилгээний дэд бүтцийг буй болгох ажил үйлчилгээ эрхлэх газрыг орон нутгийнханд олгох замаар иргэд, аж ахуйн нэгжийн бизнес, ажил эрхлэлтийг дэмжих, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын худалдан авалтын 30-аас доошгүй хувийг ногоон худалдан авалт болгох, иргэд өрхийн ногоон худалдан авалтыг дэмжин ногоон шошго, ногоон татвар хураамжийн системээр урамшуулах бодлого баримтлахаар төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ