Улс орнууд вакциныг тэгш хуваарилахын төлөө эвлэлдэн нэгдэхийг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-10-03 11:42:09

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Гуравдугаар хорооны Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр БНХАУ тэргүүтэй дэлхийн 75 улс орон вакциныг тэгш хуваарилахын төлөө эвлэлдэн нэгдэхийг уриалжээ.  


“Цар тахалд хил хязгаар гэж үгүй тул дэлхий дахин эвлэлдэн нэгдэж, олон талын хамтын ажиллагааг өрнүүлэх нь цор ганц шийдэл юм” гэж улс орнуудын хамтарсан мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна.


“Цар тахал болон түүнээс үүдэлтэй үр дагаврыг даван туулж, эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг цар тахлын үр дагаврыг хамгийн ихээр амсаж буй хүмүүсийг хамгаалахын төлөө эв нэгдэл, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, ташаа мэдээлэл, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, гадаадын хүнийг үзэн ядах үзлийн эсрэг тэмцэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг бүх улс орон, холбогдох талуудад уриалж байна” гэж БНХАУ-ын НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Жан Жуний уншиж танилцуулсан мэдэгдэлд дурджээ.


Мөн “COVID-19”-ийн вакциныг дэлхий нийтийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө “нийтийн бараа” гэж үзэх шаардлагатай байгааг онцолжээ. Үүнээс гадна вакцины тэгш хүртээмжийг хангахын төлөө хувь нэмрээ оруулж буй улс орнууд, “ACT”, “COVAX” хөтөлбөрийг сайшаасан байна. 


“Гэвч улс орнуудын вакцинжуулалтын хөтөлбөр туйлын жигд бус хийгээд шударга бус байгаа тул вакциныг тэгш хуваарилахад урт зам хүлээж байна. Олон оронд, ялангуяа хөгжиж буй орнуудад вакцины хүртээмж хангалтгүй хэвээр байна” гэж хамтарсан мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ