ОХУ-д суралцах оюутнууд хоёр удаа ПСР шинжилгээ өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-09-30 17:04:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын төрөөс тус улсад суралцдаг гадаадын оюутнуудыг КОВИД-19-ийн эсрэг вакцины бүрэн тунг хийлгэсэн эсэхээс үл хамааран танхимын сургалтад хамруулах шийдвэр гаргасан байна.


Иймд ГХЯ-наас тус улсад суралцах оюутнуудад зориулан мэдээлэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.


1. Оросын их, дээд сургуулиуд виз авах шаардлагатай гадаадын оюутнуудын нэрсийн жагсаалтыг бэлтгэж, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, ОХУ-ын Дотоод хэргийн яаманд хүргүүлнэ. Эдгээр жагсаалтыг үндэслэн сургалтын виз олгох зөвшөөрлийг холбогдох яамнаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст ирүүлснээр, сургалтын виз олгох боломжтой болно.


2. ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс виз олгох зөвшөөрөл нь ирсэн оюутнуудын нэрсийн жагсаалтыг өдөр болгон шинэчлэн гаргаж байна. Иймд визний зөвшөөрөл ирсэн эсэхийг 9:00-12:00 цагийн хооронд ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд биечлэн очиж шалгах боломжтой. Түүнчлэн цахим шуудан болон утсаар лавлах боломжтой (утасны дугаар: 326037, цахим хаяг: cons_ru@mongol.net). Харин виз олгох зөвшөөрөл ирээгүй тохиолдолд өөрсдийн суралцаж буй их, дээд сургуулийн захиргаанаас тодруулна.


3. Виз авсан оюутны нэр ОХУ-ын “Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төрийн үйлчилгээний нэгдсэн сан (Госуслуги)”-ийн “Хил нэвтрэх гадаадын иргэдийн жагсаалт”-д бүртгэгдэж хилээр нэвтрэх эрхтэй болно. Энэхүү жагсаалтад бүртгүүлэхийн тулд ОХУ-д зорчихоос 10 хоногийн өмнө зорчих хилийн боомт, товлож буй хугацаа, аялах тээврийн хэрэгслийн төрөл /онгоцоор бол нислэгийн дугаар/ зэрэг мэдээллийг сургуульдаа мэдэгдсэн байна. Уг мэдээллийг үндэслэн сургууль нь тухайн оюутны нэрийг дээрх жагсаалтад оруулж, энэ тухай цахим шуудангаар өөрт нь мэдэгдэнэ.


4. Насанд хүрээгүй оюутан зөвхөн нэг асран хамгаалагчийн хамт явж болно. Үүний тулд асран хамгаалагч нь визийн зөвшөөрөл авах хүсэлт, холбогдох мэдээлэл, баримт бичгийн хувийг сургуулийн захиргаанд бүрдүүлж өгнө.  (Жич: Асран хамгаалагч гэдэгт зөвхөн төрсөн болон үрчлэн авсан эцэг, эх нь хамаарна)


5. Танхимын сургалтад хамрагдах оюутнуудад дараалан өгсөн, “сөрөг” үр дүнтэй хоёр удаагийн ПСР шинжилгээний хариу шаардана. Эхний шинжилгээг хил нэвтрэхээс 72 цагийн өмнө, хоёр дахь шинжилгээг хил нэвтэрснээс хойш 72 цагт багтаан хийлгэнэ. (Жич: ОХУ-ын нисэх онгоцны буудлуудад коронавируст халдварыг илрүүлэх төрөл бүрийн түргэвчилсэн шинжилгээ хийж байгаа боловч зөвхөн ПЦР-ийн шинжилгээ өгөх ёстой)


Ташрамд дурдахад, оюутнууд “МИАТ” компанийн 10 дугаар сарын 12-ны Улаанбаатар-Москвагийн нислэг, “Аэро Монголиа” компанийн 10 дугаар сарын 8 болон 22-ны Улаанбаатар-Эрхүүгийн нислэгт тасалбар захиалж болно. Мөн Алтанбулаг автозамын боомтоор ОХУ руу зорчих боломжтой гэдгийг ГХЯ-наас мэдээлэв.

Холбоотой мэдээ