БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр Орхон аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-09-28 14:02:39
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр аймгийн удирдлагууд болон  Боловсрол, Соёл урлагийн газрын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр дэд сайд хэлэхдээ, БШУЯ, ОХУ-ын Гэгээрлийн яамтай хийсэн хэлэлцээрийн дагуу орос хэлний мэргэжилтэн, багш нарыг Монголд урьж ажиллуулна. Иймд Эрдэнэт хотын сургуулиуд энэ чиглэлээр хөтөлбөрөө бэлдэж  багш нарыг авч ажиллуулах боломжтой гэсэн юм.

Мөн англи, орос хэлний болон шинжлэх ухааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэлээ. Ингэснээр Эрдэнэт хотод олон улсын сургуулийг байгуулах, хөтөлбөр хэрэгжүүлэх бүрэн боломжтойг онцолсон юм.

Цаашид Эрдэнэт хотод жижиг, дунд үйлдвэрүүд хөгжиж боломжтой тул түүнд ажиллах боловсон хүчнийг сургах, бэлтгэх зорилгоор Оюутны хотхон цогцолбор-ыг орон нутагтаа байгуулахын тулд газрын асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэж, зураг төсөв болон ТЭЗҮ-г нь улсын төсөвт тусгах хэрэгтэй гэсэн юм. Уг цогцолборыг 50 га газарт байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Оюутны хотхоныг зөвхөн сургуулийн барилга, номын сангаар төсөөлж болохгүй. Залуучуудын сурч, ажиллах, амьдрах орчин нөхцөлийг бүрэн хангасан, олон улсын жишигт нийцсэн байхаар байгуулах хэрэгтэйг онцолж байлаа.

Мөн Эрдэм шинжилгээ, сургалт үйлчилгээний цогцолбор-ыг Эрдэнэт хотод байгуулах хэтийн төлөвлөгөө байгаа тул эхлээд царцаагдсан болон барьж дуусгаагүй байгаа сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөлийн ажлаа дуусгах хэрэгтэйг санууллаа.

Уулзалтын төсгөлд дэд сайд хэлэхдээ, Бид бодлогыг дэмжиж, үр дүнд суурилсан сургалтын тогтолцоог хэрэгжүүлнэ гэсэн юм.

Тэрээр өнөөдөр 17 дугаар сургууль болон их, дээд сургуулийн багш, ажилтантай уулзах юм.  

Холбоотой мэдээ