Халдварын голомтод ажиллаж буй 106 эмч, эмнэлгийн ажилтанд мөнгөн дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-22 16:57:51

Ховд /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд аймагт ажиллах үeэрээ эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.   

Энэ үeэр орон нутгийн эрүүл мэндийн салбар байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хийж буй зарим ажил, цаг үeийн асуудлаар мэдээлэл солилцож, эмч, эмнэлгийн ажилтнуудын санал бодлыг сонссон юм.

Ховд аймгийн тухайд 2021 оны гуравдугаар сарын 29-ний өдөр коронавирусний халдварын анхны тохиолдол батлагдсанаас хойш өнөөдрийн байдлаар нийт 14 мянга гаруй хүн халдвар авчээ. 

Ийнхүү коронавирусний халдвар авсан хүний тоо нэмэгдсэнтэй холбогдуулан “Ач заяа” эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн зарим тасаг, тусгаарлах эмнэлэгт ор дэлгэж, тусгай эмнэл зүйн баг томилон, өвчтөнүүдийг эрэмбэлэн үe шаттай хүлээн авч, шаардлагатай эмчилгээг хийж байна.   

Одоогоор халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд тодорхой хэмжээнд ачаалалтай ажиллаж байна. Иймээс УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зүгээс эрсдэл бүхий улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад мөнгөн дэмжлэг үзүүлж, ажлын амжилт хүслээ. 

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 400 гаруй эмч, ажилтнаас 200 орчим нь коронавирусний халдварын онцгой нөхцөл байдлын үeд улаан бүсэд ажиллаж байна. 

Иймээс тодорхой судалгаа, шалгуур үзүүлэлтийн дагуу Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс 100, “Ач заяа” эмнэлгээс 6 эмч, ажилтан гээд нийт нэр бүхий 106 хүнийг энэхүү мөнгөн дэмжлэгт хамруулжээ.

Эдгээр эмч, ажилтан нь одоо ч коронавирусний халдвар авсан иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлэх зорилгоор тусгаарлалт бүхий улаан бүсэд тодорхой хуваарийн дагуу 2 ба түүнээс дээш удаагийн давтамжтайгаар үүрэг гүйцэтгэж буй.

Энэ үeэр “Ач заяа эмнэлэгт хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат шаардлагатай байгаа тухай зарим эмч нар хэлэв.  

    

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ