Эдинбургийн гүн Филиппийн гэрээслэлийг 90 жилээр нууцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-09-17 13:01:15

ЛОНДОН. /RT/. Их Британийн хатан хаан II Елизаветагийн эр нөхөр Эдинбургийн гүн Филиппийн гэрээслэлийг нийтлэх хугацааг тус улсын шүүхээс 90 жилээр хойшлуулжээ.


Эдинбургийн гүн Филипп өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд 99 насандаа таалал төгссөн билээ. Түүнийг таалал төгссөнөөс гурван сарын дараа гэрээслэлийг нь нийтлэх эсэхийг хэлэлцэж эхэлжээ. Эцэст нь Лондоны Дээд шүүхийн гэр бүлийн хэрэг хариуцсан газраас удаан хугацааны турш уламжлагдаж ирсэн ёс заншлыг эвдэхгүй байхаар шийдэж, хатан хааны гэр бүлийн гишүүний гэрээслэлийг нээхгүй байхыг зөвшөөрсөн байна. Англид тогтсон ёс заншлаар, олон нийтэд дэлгэж болдог энгийн хүмүүсийнхээс ялгаатай нь хатан хааны гэр бүлийн гишүүдийн гэрээслэлийг хэдэн арван жилийн туршид нууцалж болдог ажээ. 


Энэ бүх хугацаанд битүүмжилсэн гэрээслэлийг Лондоны Дээд шүүхийн гэр бүлийн хэрэг хариуцсан газрын даргын сейфэнд хадгалах юм. Уг сейфэнд өөр өөр он жилүүдэд таалал төгссөн хааны гэр бүлийн гишүүдийн сүүлчийн хүсэлт бүхий битүүмжилсэн 30 дугтуй хадгалагдаж байгаа юм.


Хамгийн удаан хадгалагдаж буй гэрээслэл нь 1910 оных бөгөөд Их Британийн хаан V Георгийн гэргий хатан хаан Мария Текскаягийн дүү Франц Текскийн (1865-1936) гэрээслэл ажээ. 


Энэ сейфэнд орсон сүүлчийн гэрээслэлүүд нь хатан хаан II Елизаветагийн дүү гүнж Маргарет, Хатан хааны ээж Елизавета Боуз-Лайон нарын гэрээслэл юм. Тэд 2002 онд хоёр хүрэхгүй сарын зайтай нас нөгчжээ.


Хатан хааны гэр бүлийн гишүүдийн гэрээслэлээс ганцхан Диана гүнжийнхийг (1981-1997) олон нийтэд дэлгэсэн байна.


Холбоотой мэдээ