Өнөөдөр “Дэлхийн оюутны спортын өдөр” тохиож байна

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-09-20 11:30:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Дэлхийн оюутны спортын өдөр” тохиож байгаа бөгөөд Монгол Улсын нийслэлд 2021 оны 9 дүгээр сарын 20-нд буюу энэ өдрөөр Монголын оюутны спортын холбоо /МОСХ/-ноос Эрдэм шинжилгээний  хурал зохион байгуулж байна.


ЮНЕСКО-гийн 2015 оны 11 дүгээр сарын Ерөнхий бага хурлын 38 дугаар чуулганы тогтоолоор жил бүрийн 9 дүгээр сарын 20-ны өдрийг “Дэлхийн оюутны спортын өдөр”- хэмээн тунхаглан, олон улсын хэмжээнд тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм.


Олон улсын оюутны спортын холбоо /ОУОСХ/ болон улс орнуудын тус байгууллагын гишүүн холбоод, Засгийн газрын байгууллагууд, Их дээд сургуулиуд хамтран 2016 оноос эхлэн энэ өдрөөр төрөл бүрийн ажил зохион байгуулдаг болсон.


Монголын оюутны спортын холбоо МОСХ -ноос өнгөрсөн хугацаанд 2016 онд Ази тивийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн VI тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион, 7 орны баг тамирчдыг өрсөлдүүлж байсан бол, 2017 онд Сайн дурын оюутны форум зохион байгуулсан.


Харин 2018 онд Монгол Улсын ИДС-ийн багш нарын спортын хэлэлцүүлэг болж, 2019 онд Универсиадын хичээл, спортын шинэ төрлийн үзүүлэх тоглолт явагдаж байлаа. Түүнчлэн 2020 онд “Бид хамтдаа” уриан дор “Оюутны буухиа гүйлт”-ийн тэмцээнийг Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан бөгөөд гүйлтийн зай нь 19 мянга 920 метрт  явагдаж байсан юм.



Энэ жил МОСХ, Үндэсний БТДС-тай хамтран Монголын оюутны спортын V наадмын хүрээнд "Оюутны биеийн тамирын боловсрол, спортын хөгжилт" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ҮБТДС-ийн эрдмийн танхимд өнөөдөр зохион байгуулж байгаа юм.

Холбоотой мэдээ