Цагдаагийн байгууллагын бүхий л цаг хугацааны түүхийг эмхэтгэн хэвлүүлэв

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-09-13 20:54:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголын Цагдаагийн байгууллагын түүх" 3 боть, "Монголын Улсын цагдаагийн түүхэн баримт бичгийн эмхэтгэл 1911-2021" номын нээлт өнөөдөр боллоо.


Номыг бүтээхийн тулд үндэсний төв архив, улс төрийн нам, УИХ, Засгийн газар, гадаад харилцааны, ТЕГ, ЦЕГ-ын архивын баримтад судалгаа хийсэн. Энэхүү баримтууд нь цагдаагийн байгууллагын бүхий л цаг хугацааны түүхийг хамарч байгаа аж.


ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогтоо хэлсэн үгэндээ, "Монгол төрийн түүхийн салшгүй нэг хэсэг бол Цагдаагийн  байгууллагын  түүх юм. Тийм учраас бид өнгөрсөн зууны түүхээ судлан "Монголын Цагдаагийн байгууллагын түүх" 3 боть, "Монголын Цагдаа, дотоодын цэргийн нэвтэрхий толь" номыг тус тус хэвлүүллээ. Уг бүтээл нь цагдаагийн байгууллагын түүхийг бүтээх үндсэн суурь болох бөгөөд гарын авлага болж, цагдаа судлалыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой" гэв.




Монгол улсын Төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар, "МУИС, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монголын төв архивын судлаачид эрдэмтэд оролцож  "Монголын Улсын цагдаагийн түүхэн баримт бичгийн эмхэтгэл", "Монголын Улсын цагдаагийн байгууллагын түүх" 3 боть ном бүтээсэнтэй та бүхэн танилцлаа. Манай цагдаагийн байгууллагын архив гэж сайхан газар байгаа. Аливаа түүх бүтэхэд архиваа түшиж ажилладаг. Монголчуудын оюуны өв, бичиг баримтандаа хандах хандлага, хойш  үедээ үлдээх гэсэн энэ оролдлого бол үе үеийн бүтээгч нарт байдаг. Тийм учраас  эрдэмтэн судлаачид архивын материалд тулгуурлаж энэхүү бүтээлийг хийсэн. Энэ бүтээлийг хийхэд цагдаагийн байгууллагыг магтан дуулаагүй бөгөөд түүхэн архивын баримтын дагуу энэ номыг бүтээсэн гэдгээрээ ихээхэн онцлогтой байна. " гэдгийг онцлов.


Тус үйл ажиллагаанд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, Цагдаагийн хурандаа П.Оростогтоо, ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, Цагдаагийн хурандаа П.Батбаатар,  Монгол Улсын гавьяат хуульч, Цагдаагийн байгууллагын Ахмадын холбооны тэргүүн, Цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Гаравсүрэн, болон бусад албаны хүмүүс оролцсон байна.

Холбоотой мэдээ