Жолооч нар ирэх сарын 1-ний дотор торгуулиа төлбөл 50 хувь хөнгөлөгдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-10 12:05:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Тээврийн хэрэгслийн жолооч нарын торгуулийн 50 хувийг өршөөсөн хэдий ч энэ оны эхний 9 сарын байдлаар нийслэлд 13.5 хувь, орон нутагт 10.9 хувь буюу улсын хэмжээнд 12.4 хувь нь л төлжээ.


Иргэд торгуулийн төлбөр төлөхдөө хоёр өөр дансанд тушаах юм. Үүнд:

  • Гудамж, замд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийг Нийслэлийн Төрийн сангийн 100 200 000 952 дугаарын дансанд,
  • Камерын зөрчил буюу хурд хэтрүүлэх, чиглэлийн тээврийн хэрэгслийн нэгдүгээр эгнээ, гэрэл дохио, уулзварын шар тэмдэглэл зэрэг цахим зөрчлийн торгуулийг Нийслэлийн Төрийн сангийн 200 200 000 985 дугаарын дансанд тушаах юм байна.

Иргэд энэхүү өршөөлд хамрагдахын тулд torguuli.police.gov.mn цахим системд нэвтэрч ороод автомашины улсын дугаараар хайлт хийн торгуулийн мэдээллээ шалгана.


Иргэн та 100 мянган төгрөгийн торгуультай байсан бол таны 50 мянган төгрөгийн мэдээлэл ил харагдах бөгөөд ил харагдаж байгаа мөнгөн дүн нь таны төлөх ёстой 50 хувийн торгууль гэсэн үг. Үүнийг төлснөөр таны торгууль 100 хувь тэглэгдэх юм. Хэрэв 50 хувийн торгуулиа төлөөгүй тохиолдолд энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хойш таны төлөх ёстой торгуулийн хэмжээ буцаад 100 мянга болж харагдана.


Иймд иргэд, жолооч энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө торгуулийн дүнгийн 50 хувийг төлснөөр төрөөс үзүүлж буй өршөөлийн хуульд хамрагдах юм.


Цагдаагийн байгууллагаас энэ оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс хойш нийт 40 300 жолоочийн эрх, 8800 жолоочийн оноог нь сэргээсэн байна.

Холбоотой мэдээ