"Монголын нууц товчоо"-г 30 гаруй хэлээр орчуулжээ

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-09-09 16:40:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингис хаан өв соёлын хүрээлэнгээс “Чингис хааны өв, соёл” I, II, III боть, "Монголын нууц товчоон" ном хэвлэлийн үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.


Чингис хаан өв, соёлын хүрээлэнгийн судлаачид тус хүрээлэнгийн зөвлөх, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан, Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн Э.Пүрэвжавтай хамтран өдгөө cолонгос, болгар, итали, польш зэрэг 30 гаруй хэлээр орчуулан хэвлэсэн "Монголын нууц товчоо"-г эл үзэсгэлэнгээр олон нийтэд дэлгэн үзүүллээ.


Чингис хаан өв соёлын хүрээлэнгийн захирал, доктор Н.Саруул хэлэхдээ, “Чингис хааны өв, соёл” I, II, III ботид Монголын Үндэсний номын сан болон Үндэсний Төв архивын сан хөмрөгт буй Чингис хаан болон Монголын Эзэнт Гүрний үед хамаарах ховор нандин түүхийн сурвалжийг багтааснаараа онцлог. Эхний боть 2020 онд, сүүлийн хоёр боть энэ онд хэвлэлтэд орсон бөгөөд цаашид энэхүү судалгааны ажлыг улам гүнзгийрүүлж, цуврал бүтээлүүдээ хэвлүүлэх юм” гэлээ.




Тус хүрээлэн нь Чингис хаан судлалыг монгол судлалын нэгэн чиглэл болгон Чингис хаан түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол болон дэлхийн түүхэнд Их хааны гүйцэтгэсэн үүргийг алдаршуулах, өв соёлын баримт мэдээллийн нэгдсэн сан үүсгэх зорилготой. Мөн Монголын Эзэнт гүрний өв, соёлыг гадаад орнуудад түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн нэгдсэн бодлого хөтөлбөр боловсруулах, Чингис хаантай холбоотой ёслол, хүндэтгэл, нэршлийг нийгмийн харилцаанд хэрэглэх хэм хэмжээ тогтоох, эрх зүйн орчныг бүрдүүлэх суурь судалгаа хийх зорилготой ажилладаг юм.

Г.Шинэтогтох

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ