Жалгас Адилбаев: Монголд алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах хэлэлцээр удахгүй биеллээ олно гэж найдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-09-09 15:21:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКУ)-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ сарын 1-нд ард түмэндээ хандаж илгээлт хүргүүлсэн байна.


Тус улсын Ерөнхийлөгч жил бүр ард түмэндээ хандаж илгээлт хүргүүлдэг бөгөөд өнөөдөр Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаев энэ оны илгээлтийг танилцуулж, хэвлэлийн хурал хийв. Уг илгээлтийг цар тахлын дараа эдийн засгийг хөгжүүлэх, эрүүл мэндийн салбарын үйлчилгээг сайжруулах, чанартай боловсролыг дэмжих зэрэг 5 бүлэг, 7 зүйлтэйгээр “Ард түмний эв нэгдэл ба системтэй шинэчлэл- Улс орны хөгжлийн гол үндэс болох нь” сэдвийн хүрээнд хүргүүлсэн байна.


Эдийн засгийн салбарыг хөгжүүлэх хүрээнд тус улс цар тахлын үед “Энгийн хэрэглээний эдийн засаг” хөтөлбөр хэрэгжүүлж, 3.5 мянган төсөл хэрэгжүүлж, 70 мянган ажлын байр бий болгосон бөгөөд 2022 онд үргэлжлүүлэх болжээ. Мөн 2025 он хүртэл бүх төрлийн цэвэршүүлэх үйлдвэрийг хөгжүүлэх, инфляцийн түвшинг 4-6 хувьд барих бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Казахстан улс цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах үүднээс 2020 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 42.3 мянган тэнгэ байсныг 60 мянган тэнгэ болгосон байна. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг 1 сая иргэний орлого нэмэгджээ. Тус улсын 6.5 сая иргэн цалингаас өөр орлогогүй гэсэн судалгаа байдаг аж. Тиймээс ажилтнуудынхаа цалинг нэмсэн байгууллагыг төрөөс урамшуулах, татварын бодлогоор дэмжих зэргээр хүн амын орлогыг дээшлүүлэх шийдвэрийг 2023 оны оноос хэрэгжүүлэх болсон байна. Түүнчлэн үйлчилгээ, соёлын салбарын ажилтнуудын цалинг 20 хувиар нэмэх шийдвэр гаргаж, 7, 20, 25 жилийн хугацаатай орон сууцны зээлд нийгмийн даатгал, тэтгэврийн санг холбож, залуу гэр бүл байранд орох боломжийг бүрдүүлжээ.


Элчин сайд Жалгас Адилбаев, “Энэ онд Казахстан улс тусгаар тогтносны 30 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд улс төр, эдийн засгийн шинэчлэл хийж байгаа. Тухайлбал, Казахстаны парламентын Мажилис танхимд өрсөлдөх намын хязгаарыг 7 хувиас 5 болгон бууруулж, олон намын тогтолцоо бий болох үндэс, суурийг бий болгож байна. Түүнчлэн цахим өргөдөл хүлээн авах, цахим гарын үсгийг хөгжүүлж, төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Манай улс 2022, 2024 онд НҮБ-ын Эдийн засгийн зөвлөл болон Хүний эрхийн зөвлөлд нэрээ дэвшүүлж байгаа. Энэ хүрээнд хөгжүүлж, Хүний эрхийг хамгаалагчийн тухай, Тайван жагсаалын тухай хууль баталж, Цаазын ялыг халах тухай НҮБ-ын протоколд нэгдсэн. Мөн сонгуульд 30 хувьд залуучууд, эмэгтэйчүүдийн оролцох боломжийг бүрдүүлэх зэрэг шинэчлэл явуулж байна” гэлээ.


Үүний дараа Элчин сайд Жалгас Адилбаев Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Казахстаны Элчин сайдын яамнаас хоёр орны парламентын бүлгийн гишүүдийн уулзалт, харилцан айлчлал зохион байгуулахад тэргүүний ач холбогдол өгч байгаа аж. Тус улс Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурал (АХАИБХ)-ыг даргалж байгаа бөгөөд энэ оны аравдугаар сард болох Гадаад харилцааны сайд нарын хуралд Монголын тал оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд дурдлаа. Түүнчлэн хоёр жилийн дараа болох АХАИБХ-ын 6 дахь их хуралд Монгол Улсын Төрийн тэргүүн оролцоно гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлэв.


Тэрбээр, “Ирэх сард Казахстанд “Уламжлалт болон дэлхийн шашны тэргүүн нарын их чуулган” болно. Үүнд Монгол Улсын шашны төлөөлөгч нар оролцохоор төлөвлөж байгаа. Энэ нь хоёр орны хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой. Түүнчлэн энэ жил Женев хотод болох Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нарын чуулганыг Казахстаны удирдлага дор зохион байгуулах бөгөөд Монгол Улс өндөр түвшинд оролцоно гэдэг хүлээлттэй байгаа. Ирэх онд Монгол, Казахстаны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Сүүлийн жилүүдэд хоёр орны хамтын ажиллагааны бүтээлч он жилүүд байлаа. Тухайлбал, өнгөрсөн онд хоёр улсын Засгийн газрын хуралдаан зохион байгуулсан.

Монгол, Казахстаны гадаад худалдааны эргэлт өнгөрсөн онд 29.3 сая ам.доллар байсан бол энэ жилийн эхний 8 сард 25.2 сая ам.доллар байна. Энэ нь хангалттай үзүүлэлт биш хэдий ч цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж нээлттэй байгаа. 2019 онд Улаанбаатар-Нур-Султан, 2020 онд Улаанбаатар-Алматад шууд нислэг үйлдэх шийдвэр гарч, хэрэгжиж байгаа. Тиймээс Өлгий-Алмата зэрэг чиглэлд авто тээвэр болон бусад тээврийг хөгжүүлэх боломжийг судалж байна. Түүнчлэн Улаанбаатар хотод Казахстаны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохион байгуулах, Тэтгэврийн тухай хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байгаа. Мөн Монголд алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах хэлэлцээр удахгүй биеллээ олно гэдэгт итгэлтэй байна. Ирэх сард манай улсад хөдөө аж ахуйн салбарын “КазАрго-2021”, “Казфарм-2021”, уул уурхайн салбарын “Астана Майнинг” олон улсын хурал болно. Үүнд Монгол Улс оролцож, биднийг дэмжинэ гэж итгэж байгаа. Казахстаны Боловсролын яамны дэргэдэх Биологийн аюулгүй байдлын хүрээлэн коронавирусний эсрэг “Казвак” вакцин бүтээсэн бөгөөд 5-20 мянган тунг Монгол Улсад хандивлахаар ярилцаж байна. Одоогоор уг вакциныг Монгол Улсад бүртгэх асуудал тулгамдаж байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ