“Hyundai” 2028 он гэхэд бүх тээврийн хэрэгсэлдээ устөрөгчийн хөдөлгүүр суурилуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-09-08 11:39:49

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компани устөрөгчийн хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн зах зээлд тэргүүлэх байр суурь эзлэхийг эрмэлзэж байна. Үүнтэй холбоотойгоор 2028 он гэхэд арилжааны бүх тээврийн хэрэгслийн загварууддаа устөрөгчийн хөдөлгүүр суурилуулна гэдгээ мягмар гарагт мэдэгджээ. 


“Hydrogen Wave” дэлхийн цахим форумын үеэр “Hyundai” компанийн тэргүүн Чун Ыисуны мэдээлснээр, шинэ ачааны тэрэг, автобус зэрэг бусад арилжааны тээврийн хэрэгслүүдийг бүгдийг нь устөрөгчийн хөдөлгүүртэй болгохоор төлөвлөж байгаа бөгөөд тэдгээрийн зарим нь цэнэг хураагууртай байх боломжтой байна. 


Мөн “Hyundai” ийм тээврийн хэрэгслийн салбарт тэргүүлэхийн сацуу трамвай, галт тэрэг, усан онгоц, хотын агаарын хөдөлгөөнт хэрэгсэл гэх мэт бусад тээврийн хэрэгслүүд, мөн барилга байгууламж, цахилгаан станц, хотын эрчим хүчний эх үүсвэр зэрэгт устөрөгчийн системийг суурилуулах бизнесийн шинэ боломжийг эрэлхийлэхийг зорьж байгаа ажээ. 


Үүний зэрэгцээ манай компани 2040 он гэхэд устөрөгчийн системийн хэрэглээг робот, байгальд орчинд ээлтэй генератор зэрэг бусад талбарт өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж Ч.Ыисун хэлжээ.

Холбоотой мэдээ