Сэлэнгэ аймгийн нийт газар нутгийн 60 гаруй хувь цөлжилтөд нэрвэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-09-06 21:17:47

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг ШУА–ийн Газар зүй-Гео экологийн  хүрээлэнтэй хамтран нийт газар нутгийнхаа хэмжээнд цөлжилтийн судалгааг хийсэн байна. Мөн судалгаагаар аймгийн хэмжээнд газрын доройтол, цөлжилтийн  төлөв байдал хэрхэн буйд үнэлгээ гаргуулжээ. Энэхүү судалгааг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэжээ.  

Судалгаагаар цөлжилт, газрын доройтлын төлөв байдлыг тодорхойлж, зураглахаас гадна  цөлжилт, газрын доройтлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг гаргасан байна. Эл ажлын дүнгээр Сэлэнгэ аймгийн нийт нутгийн 60 гаруй хувь нь цөлжилтөд ямар нэгэн хэмжээгээр өртсөн гэсэн судалгаа гарчээ.

Нэн ялангуяа Алтанбулаг, Баянгол, Жавхлант, Орхон түүнчлэн ойн сан бүхий Хүдэр сум хамрагдаж байгаа аж. Цөлжилтөд зөвхөн элсний нүүдлийг харах биш, бэлчээр хэр талхлагдсан, хот суурин газрын зам харуй хэдий хэмжээгээр нэмэгдсэн зэргийг үндэслэж судалгаа хийжээ. Мөн үүний зэрэгцээ цөлжилтийг нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг ч судалсан байна. Ингээд аймгийн хэмжээнд цөлжилтийн эсрэг олон чухал ажлуудыг хийхээр аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийг хөгжүүлэх төлөвлөгөөнд тусган ажиллаж байгаа хэмээн аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа ярилаа. Тухайлбал Жавхлант, Алтанбулаг, Баянгол, Орхонтуул, Орхон зэрэг суманд ойн зурвас татах ажил хийжээ. Мөн үүний зэрэгцээ тал хээрийн ойжуулалт хийх газруудыг судалж байгаа аж. Энд навчит модоор ойжуулах юм байна. Түүнчлэн ой дотроосоо цөлжиж байгаа учраас унаган моднуудыг тарималжуулах, хөнөөлт шавжид нэрвэгдсэн талбайг ойжуулах аж. Мөн ховордож байгаа хушин ойг тарималжуулж байгаа ажээ. Энэ ажлын хүрээнд Ерөө, Мандал, Баруунбүрэн, Хүдэр зэрэг суманд 5-10 га-д Ерөө сумын “Сэлэнгэ-Бугант” групп хушин ойг ойжуулсан байна.

Цөлжилт нь үржил шим бүхий хөрстэй, ус булагтай, ургамал жигдэрсэн газар нутаг хуурай цөл болон хувирах үйл явцыг хэлдэг аж. Харин газрын доройтол нь тодорхой нэг газар нутагт хүний буруу үйл ажиллагаа болон ус, салхины нөлөөгөөр элэгдэлд орохыг хэлдэг байна. Цөлжилт, газрын доройтлыг бууруулах гол арга зам нь ойн зурвас байгуулах, байгалийн нөхөн сэргээлт явуулах, орон нутгийн ховор, ховордсон мод ургамлыг тарих зэрэг аргууд байдаг аж. Ер нь бэлчээрийг дөрвөн улиралд сэлгэн ашигла. Цаашлаад мал аж ахуй, ой, газар тариалан хосолсон аж ахуйг хамтад нь хөгжүүлэх зэрэг уламжлалт болон дэвшилтэт арга технологийг хослуулан зөв хэрэгжүүлэх шаардлагатай байгааг эрдэмтэд зөвлөж байна. Дээрх судалгааны тайлан үнэлгээг аймгийн ИТХ-аар тусгайлан авч хэлэлцэх аж.


Холбоотой мэдээ