Гал түймэртэй тэмцэх газрын баг тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зургадугаар байр эзэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-06 12:38:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гал унтраах техникийн олон төрөлт спортын насанд хүрэгчдийн 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бүгд Найрамдах Казахстан Улсын Караганда хотын “Шахтер” цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 2-5-нд боллоо.


Тус тэмцээнд  14 орны 262 тамирчин  довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн 4 төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.


Монгол Улсаас ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан баг тамирчид амжилттай оролцож, зургадугаар байрт шалгарлаа. Багийн ерөнхий дасгалжуулагчаар ГУТОТС-ын холбооны ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа Я.Ишжамц, дасгалжуулагчаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн захирагч, хошууч Н.Адьяадорж нар ажилласан бол Довтолгооны шатны төрлийн тэмцээний шүүгчдийн багийн дарга, ерөнхий шүүгчийн орлогч шүүгчээр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр ажиллалаа.


Тэмцээнд багийн дүнгээр нэгдүгээр байрт Беларусь улсын баг тамирчид, дэд байрт Чех улсын баг тамирчид, гутгаар байрт ОХУ-ын баг тамирчид шалгарсан байна.



Холбоотой мэдээ