Их Британийн ЕХ-ноос гарах шийдвэрт санаа зовниж байна

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2016-06-30 14:24:51

ТОКИО. /NHK/. Автомашин болон түүний эд ангийг үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниуд Их Британийн Автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос зохион байгуулсан уулзалтын үеэр Их Британи ЕХ-ноос гарч байгаад санаа зовинож байгаагаа илэрхийлжээ.

Тухайн салбарын 300 гаруй төлөөлөгчид лхагва гарагт Лондон хотод  уулзсан байна. 

Их Британи ЕХ-ноос гарсны дараа Их Британи болон ЕХ-ны хоорондын чөлөөт худалдаа зогсох аваас автомашины үйлдвэрлэлд ноцтойгоор нөлөөлж магадгүй гэж улс төрийн болон эдийн засгийн шинжээчид анхааруулжээ. Автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд Их Британид салбар үйлдвэрүүдтэй байдаг бөгөөд энэ нь тэдний хувьд бүтээгдэхүүнээ Европын улсуудад экспортлох гол бааз нь болдог байна.

Дээрх уулзалтад оролцсон бизнес эрхлэгчид Их Британитай холбоотой асуудлаар өөрсдийн санал бодлыг илэрхийлсэн байна. ЕХ-ноос гарах шийдвэр нь Европ дахь миний бизнесийг маш хүнд байдалд оруулж магадгүй хэмээн нэгэн бизнес эрхлэгч ярьж байна. Учир нь, түүний үйлдвэрийн борлуулалт нь экспортоос шууд хамааралтай байдаг ажээ.

Европыг хариуцсан “Toyota Motors” компанийн Гүйцэтгэх захирал Йохан ван Зил уулзалтын өмнө сэтгүүлчдэд мэдэгдэхдээ "одоогоор Их Британи дахь манай компанийн үйл ажиллагаанд ямар нэг өөрчлөлт гараагүй байна. Мөн ЕХ-ноос Их Британи гарах тухай шийдвэрийн эцсийн үр дүнг тэвчээртэй хүлээх л үлдлээ" гэжээ.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ