Өнөөдөр Отгонтэнгэр уулыг тахих төрийн тахилга боллоо

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-08-22 18:17:28

Завхан/МОНЦАМЭ/. Намрын эхэн сарын шинийн 15-ний энэ өдөр, Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх долоо дахь удаагийн төрийн их тахилга боллоо.

-Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга өнөөдөр болж, тахилгын ёслолын өмнөх орой Долоон бурхан одны тахилгыг зохион байгуулж, сүсэгтэн олон залбирал, мөргөл үйлдсэний дараа туульч Хангайн магтаал болон Отгонтэнгэр хайрхан уулын магтаалыг хайллаа. Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам хуврагууд Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа. Энэ үеэр хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Завхан аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцож, бэлгэдлийг илэрхийлж, үг хэллээ. 

Тэрээр: -“Хүн, байгаль хоёр харших болсон энэ цаг үед өвөг дээдэс маань эх дэлхийгээ эрхшээн түрэмгийлэх бус энэрэн хайрлаж ирсэн уламжлалыг бид алхам тутамдаа санаж явах нь зүйтэй. Учир нь энэ уламжлал өдгөө хүн төрөлхтөнд тулгамдаад байгаа байгалийн хүчин зүйлийг даван туулах, сав, шим ертөнцийн тэнцвэрт байдлын алдагдлыг шийдвэрлэх нэгэн зүйл болж иржээ” гэв. Түүнчлэн байгаль эхдээ хүндэтгэлтэй хандан зүй ёсоор харьцдаг бидний өвөг дээдсийн энэ үнэт зүйлийг устаж алга болохоос нь сэргийлэн “Уул овоо тахих Монгол зан үйл”-ийг 2017 онд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн. Отгонтэнгэр хайрхан уулын цадиг түүх бол монголчуудын байгаль хамгааллын түүх, төрийн бодлого, хууль цааз хийгээд төрт ёсны ёслол, байгалиа шүтэн дээдэлдэг ардын ухаан, уламжлалт соёл, зан заншлын бүхэл бүтэн цогцолбор жишээ мөн болохыг тодотголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үг хэлж дууссаны дараа туульч Хангайн магтаал хайлав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө.

Үргэлжлүүлэн Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, Хамба Номун хан Д.Чойжамц, Жалханз хутагт Ч.Данзэнчойжийванчүг, Наро банчэн гэгээнтэн Б.Цэдэн-Иш тэргүүтэй лам хуврагууд Буман цагаан судар, Отгонтэнгэр хайрхан уулын сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол номуудыг уншиж мандал өргөв.

Үүний дараа Отгонтэнгэрийг тайх ёслолын хүндэт жаяг болох дуут сумыг тавих үйл ажиллагаа болов. Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Монгол Улсын Гавьяат тамирчин, үндэсний сурын Дархан мэргэн, Зууны манлай харваач Ш.Даваахүүд хүлээлгэн өгч, аймгийн аварга малчин, аймгийн алдарт уяач, “Алтан унага”-ны эзэн Отгон сумын малчин Б.Дугаазааны адуун сүргээс сонгосон цагаан морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэв. Ийнхүү Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх долоо дахь удаагийн төрийн тахилгын ёслол өндөрлөсөн юм.


Тахилгын ёслолыг цар тахлын халдвараас сэргийлэх журмыг чанд мөрдөж явууллаа

Хангайн нурууны ноён оргил, мөнх цаст Отгонтэнгэр хайрхан уулыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын 1995 оны 110 дугаар зарлигаар Төрийн тахилгатай болгожээ.

Түүнээс хойш 1995, 1999, 2003, 2007, 2011, 2016 онд тус тус тахисан байна. Өдгөө Монгол Улсад төрийн тахилгатай 12 уул байдаг бөгөөд төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам болон ёслол үйлдэх хуваарийн дагуу тахидаг ажээ. Ингэхдээ төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэн таван жилд нэг удаа төрийн тахилгын ёслолыг үйлддэг юм. Энэ удаагийн Отгонтэнгэр хайрхан уулын төрийн тахилгын ёслолыг орон нутаг, иргэдийн хүсэлтийг харгалзан цар тахлын халдвараас сэргийлэх дэглэм, журмыг чанд мөрдөж, уламжлалт дэг жаяг, зан үйлийн дагуу зохион байгууллаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 







Холбоотой мэдээ