Саид Моллай, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт гавьяат тамирчин цол олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-19 15:29:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио 2020" зуны олимпын наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад олгох шагнал, урамшууллын талаар Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.


Монголын баг тамирчид олимпод амжилттай оролцож, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ. 

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц мэдээлэхдээ, "Засгийн газрын хуралдааны энэ сарын 4-ний тэмдэглэлд олимпоос медаль хүртсэн тамирчинд орон сууц олгох тухай тусгасан. Мөн мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаагийн мөнгөн урамшуулал болох 60 сая төгрөг, хүрэл медаль хүртсэн гурван тамирчинд 30 сая төгрөг, түүнээс гадна сар бүрийн урамшуулал гурван сая төгрөгийг 2022 оны нэгдүгээр сараас олгох юм. Саид Моллай, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт Монгол Улсын Гавьяат тамирчин цол, олимп дэлхийн хос медалтан болсон М.Уранцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгохоор шийдвэрлэсэн" хэмээн тодотгоод, "Олимпод оролцсон тамирчдын сүүлийн ээлж энэ сарын 10-нд эх орондоо ирсэн бөгөөд УОК-оос тамирчдыг 14 хоног гэртээ байж тусгаарлагдахыг зөвлөсөн. Сүүлийн ээлжид ирсэн тамирчдын тусгаарлалтын хугацаа энэ сарын 24-нд дуусаж байгаа тул 25-ны 10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч тамирчдад цолыг нь гардуулна. Дараа нь Ерөнхий сайд хүлээн авч, урамшуулал, байрыг олгохоор товлосон" гэв.


Одоогоор Саид Моллай Герман улсад байгаа тул түүнийг Монголд ирэх үед нь гавьяат тамирчин цолыг нь олгох юм байна. Мөн түүний дасгалжуулагч багшид Алтан гадас одон хүртээхээр шийдвэрлэжээ.


Токиогийн олимпын наадмыг шүүн тунгаасан таван шүүгчид санхүүгийн урамшуулал олгож, хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнд ялагдсан тамирчдадаа анх удаа мөнгөн урамшуулал хүртээх асуудлыг ч шийдвэрлэжээ.

 

Холбоотой мэдээ