Арматур үйлдвэрлэгч нар түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөл хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-08-19 09:59:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны болон Төсвийн байнгын хорооноос арматур болон барилгын хөөсөнцөр үйлдвэрлэгчдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар Засгийн газарт чиглэл хүргүүлэхээр болжээ.


Тодруулбал, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төслүүдийн явцтай танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооноос хамтран байгуулсан. Уг ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг энэ сарын 18-нд арматур болон барилгын хөөсөнцөр үйлдвэрлэгчидтэй цахимаар холбогдсон байна.


Энэ үеэр арматур үйлдвэрлэгч нар төрөөс хөнгөлттэй зээл, эрчим хүчний хөнгөлөлт, түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөл олгон дэмжихийг хүслээ. Хөөсөн полистрол хавтангийн түүхий эд нь аюултай бүтээгдэхүүний жагсаалтад орсон тул БНХАУ-ын нутаг дэвсгэрээр тээвэрлэхгүй байгаа юм. Үүний улмаас түүхий эдийг татан авч чадахгүй байгаа тул улсын хилээр нэвтрүүлэх асуудалд анхаарахыг хүслээ.


УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, “Цар тахлын улмаас импортын бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, хомсдол үүссэнээр барилгын материал болон түүхий эдийн үнэ 80 орчим хувиар нэмэгдсэн. Үүний улмаас барилга, бүтээн байгуулалтын ажилд хүндрэл үүсээд байна” хэмээв. Улмаар хил дээр саатсан бараа бүтээгдэхүүний мэдээллийг ирүүлэхийг аж ахуйн нэгжүүдээс хүслээ. Түүнчлэн гадаад худалдаа, боомт хариуцсан албан тушаалтнуудтай уулзаж, мэдээлэл сонссоны дараа байнгын хорооноос дээрх асуудлуудыг шийдвэрлэх талаар Засгийн газарт чиглэл хүргүүлэх болов.

Холбоотой мэдээ