Ногоочдыг чөлөөт худалдаа хийх боломжоор хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-18 17:38:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнсний ногооны жижиглэн худалдаа эрхлэгчдээс худалдаа хийх боломжоор хангахгүй байна гэсэн гомдол гаргасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан газар дээр нь ажиллажээ. 


Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлд “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарласан шийдвэр гаргахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчжээ.


Иймд ШӨХТГ-аас хүнсний ногоо тариалагч иргэд, өрх, ААН-үүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж ногоочдод тулгараад буй талбайн асуудал, чөлөөт худалдаа, цагийн хязгаарлалтад уян хатан байж СОНГОХ боломжийг олгох тухай саналыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт өнгөрсөн сарын 23-нд хүргүүлсэн.


Тус саналыг хүлээн авч Улаанбаатар хотын Ерөнхий менежер НОК-ыг энэ сарын 17-нд хуралдуулсан юм. Тус хуралд ШӨХТГ, Нийслэлийн зургаан дүүргийн Засаг дарга, хэлтсийн дарга, нийслэлийн ХХААГ-ын дарга Д.Баянбат, НМХГ-ын дэд дарга Б.Алтантуяа болон холбогдох албаны хүмүүс оролцон дараах шийдвэрийг гаргав.


Үүнд:

  1. "Алтан намар-2021" хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг зохион байгуулж буй ажлын явцыг танилцуулж, ногоочдод тулгараад буй хүндрэлтэй асуудлуудыг шуурхай шийдвэрлэдэг байхыг нийслэл, дүүрэг, хороод нэгдсэн шийдэлд хүрэв.
  2. Хүн ихээр төвлөрүүлэхгүйн тулд ногооны жижиглэн худалдаачид хотхон, хороолол, байрны дунд шинэ ургацын ногоо зарж болох бөгөөд тэднийг дэмжин ажиллахыг дүүрэг, хорооны засаг дарга нарт үүрэг өгөв.
  3. Архи, согтууруулах ундааны зөвшөөрөл олгохоос бусад жижиглэн худалдаа эрхлэлтийн асуудлыг Дүүргийн ЗДТГ-ын дэргэдэх "Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл" олгоно.

Тиймээс ногоочид “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд заавал оролцох шаардлагагүй бөгөөд өөрийн хүссэн газарт худалдаа эрхлэх зөвшөөрөл авч болно гэсэн үг.  Худалдаа эрхлэхдээ өөрийн болон ойр орчмын газрын ариун цэврийг сахих, хог хаяхгүй, ногоон байгууламж сүйтгэхгүй байх зэргийг мөрдөх юм.

Холбоотой мэдээ