Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх үзлэг, тандалт 60 хоног үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгалийн голомтот тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын үзлэг, тандалт энэ сарын 15-наас 60 хоног үргэлжилнэ.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/620 тоот захирамж гарч, нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот тарваган тахал, хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхээр хяналтын үзлэг, тандалт хийх үүргийг холбогдох албаныханд өглөө. Хяналт, шалгалтыг авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар явуулж байна. Ингэхдээ мэргэжлийн байгууллагын албан хаагчдыг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулж, сургалт явуулан, дадлагажуулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Тарвагыг хууль бусаар агнасан, тээвэрлэж худалдсан, худалдан авсан бол Зөрчлийн тухай хуульд зааснаар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгж, байгууллагыг гурван сая төгрөгөөр торгож, бодгаль тус бүрийн экологи, эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж тооцдог. Нөхөн төлбөрийн хэмжээ нь 252-420 мянган төгрөг. Эргэж холбогдох утасны дугааргүй, эзэн тодорхойгүй ачаанаас хууль бус ан илэрвэл жолооч нарт хариуцлага тооцдогийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлэв.
БОАЖ-ын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар монгол орны
хэмжээнд тарвага агнахыг гурван жилийн хугацаанд хориглосон. Гэтэл
тарваганы мах, түүхий эд, дайвар бүтээгдэхүүн тээвэрлэсэн зөрчил өнгөрсөн онд 115, энэ онд 61 удаа гарсныг илрүүлэн, ЗӨСҮТ-д
шилжүүлэн өгч, Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэжээ.
Дийлэнхдээ Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл аймгаас ирж буй тээврийн хэрэгслээс зөрчил илэрч байгааг НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл өнөөдөр мэдээлэл хийхдээ дурдав. Дээрх аймагт тарваган тахал өвчин гарах эрсдэл их, тахлын голомтын бүсэд хамаардаг аж.