Аавыгаа хүндэтгэх өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын аавуудын өдөр өнөөдөр тохиож байна. Манай улсад энэ өдрийг Монголын Эрэгтэйчүүдийн холбооны санаачилгаар 2005 оноос тэмдэглэж ирсэн юм. Энэ өдөр нь аав хүнийг хүндэтгэж, түүний гэр бүл дэх оролцоо, үүрэг, үнэлэмжийг мэдрүүлэх ёсзүйн өдөр. Ийм зорилгоор санаачилан тэмдэглэж ирснийг Монголын Эрэгтэйчүүдийн холбооноос тодотгож байна.
Энэ өдрийн цаана эцэг хүний улс орны амьдрал, хүүхдүүддээ нөлөөлөх байдал, гэр бүлийн төлөвшил, хөгжил гээд нийгмийн олон зүйл агуулагдаж байна. Энэ өдөр гэр бүлээрээ аавыгаа хүндэтгэж, аавууд энэ өдрийг архигүйгээр тэмдэглэж, би эцэг хүн байж чадаж байна уу гэдгээ тунгаан бодсон, үр хүүдүүдийнхээ дунд халуун дулаан уур амьсгалд тэмдэглэн өнгөрүүлэх учиртай аж.
Аавуудын баярыг дэлхийн 17 улс тэмдэглэн өнгөрөөдөг байсан бөгөөд манай улс энэ өдрийг тэмдэглэх болсон 18 дахь орон нь болжээ. Одоогоор дэлхийн 20 гаруй улс энэ өдрийг тэмдэглэдэг байна.
Аавуудын өдрийг манай улс 18 дахь жилээ тэмдэглэж байна.
Хамгийн анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгосон гэдэг. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа өсгөжээ. 1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарласан аж. Харин жил бүрийн тавдугаар сарын 19-нд Англи, Франц, Бельги улсууд энэ баярыг тэмдэглэн өнгөрөөдөг байна.
Монгол Улсын нийт хү амын 49 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг, тэдний 20 гаруй мянга нь өрх толгойлж байна.