Япон улсын хүн амын тоо 12 дахь жилдээ дараалан буурчээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-08-05 14:59:20

ТОКИО. /Kyodo/. Япон улсын хүн амын тоо нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 126.65 саяд хүрснээр 12 дахь жилдээ дараалан буурсан дүн үзүүлснийг тус улсын Засгийн газраас лхагва гарагт танилцуулсан тайлан мэдээлэл харууллаа. 


Тодруулбал, хүн амын тоо 126 654 244-т хүрсэн нь өмнөх оныхоос 483 789-өөр буюу 0.38 хувиар буурчээ. Энэ нь оршин суугч гадаадын иргэдийн тоог энэхүү үзүүлэлтэд оруулж эхэлсэн 2013 оноос хойших хамгийн их буурсан үзүүлэлт болсон гэж Дотоод хэргийн яамны тайланд мэдээлжээ.


Мөн Японоос хилийн чанадыг зорьсон хүмүүсийн тоо ирсэн хүмүүсийн тооноос давсантай холбоотойгоор оршин суугч гадаадын иргэдийн тоо долоон жилийн хугацаанд анх удаа бууран 2 811 543-т хүрсэн нь 2020 оныхоос 55172-оор буурсан байна. 


Үүнээс гадна жилд шинээр төрсөн хүүхдүүдийн тоо урьд нь бүртгэгдэж байгаагүй хамгийн цөөн буюу 843 321-д хүрсэн бол нас барсан хүний тоо 1 373 929-т хүрсэн нь өмнөх оныхоосоо ялимгүй буурсан үзүүлэлт болжээ.


Японы нийт хүн амын 28.73 хувийг 65 болон түүнээс дээш насныхан эзэлж буй нь өнгөрсөн оныхоос 0.32 хувиар өсжээ. Харин 15-65 насны буюу ажиллах насны иргэдийн эзлэх хувь 59.09 хувьд хүрсэн нь 0.20 хувиар буурсан байна.


Мужуудаар авч үзвэл, 47 мужийн 42-ынх нь хүн амын тоо буурсан бол Токио болон тус хоттой зэргэлдээ оршдог Сайтама, Чиба, Канагава болон өмнөд нутгийн Окинавагийн оршин суугчдын тоо өсжээ. 

Холбоотой мэдээ