С.Ганзориг: Өлгий хот орчмын уул овоо, Ховд голын эргийн хогийг худалдаж авна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-03 17:06:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны малчин залуу Сэр-Одын Ганзориг байгальд хаягдсан эзэнгүй хог хаягдлуудыг өөрийнхөө мөнгөөр худалдан авч байна. Тэрээр одоо Өлгий хотод амьдарч байгаа бөгөөд түүнээс хийж буй ажлынхаа талаар тодрууллаа.

Хог хаягдлыг худалдаж авах санаа хэзээ яаж төрсөн вэ?

- Миний бие Цагааннуур тосгоны малчин айлын хүүхэд. Энэ жил 25 настай. Саяхан Цагааннуур тийшээ явж байгаад зам дагуу овоон дээр түр саатсан юм. Тэнд үл таних хүмүүс ууттай хог хаясан байсныг харлаа. Эргэн тойронд ч бас хамаагүй хаясан задгай хог байв. Байгаль орчноо хамгаалах үйлсэд иргэн хүний хувьд хувь нэмрээ оруулах үүднээс хог хаягдлыг худалдаж авах санаа төрсөн юм.


-  Таны энэ санаачилгыг иргэд хэр дэмжиж байна? Хог цуглуулж тушааж байна уу?

- Дэмжиж байна. Одоогийн байдлаар 200 мянга гаруй төгрөгөөр 10 орчим хүний цуглуулсан хогийг худалдаж авсан. Ихэнх нь орон нутгийн иргэд байгаа. Нэг кг хогийг 500 төгрөгөөр, уул ус, булаг шандны хог хаягдлын 1 кг-ыг нь 1500 төгрөгөөр үнэлж авна.  

Санхүүгийн боломж тань ямар байгаа вэ? Хэр хэмжээний хог хаягдал цуглуулъя гэж бодож байна?

- Мөнгө мэдээж хязгаарлагдмал байгаа. Болж өгвөл Өлгий орчмын уул овоо, Ховд голын эргийн хогийг худалдаж авахыг зорьж байна. Энэ ажлыг олон нийтийн оролцоогоор хийхээр төлөвлөж байгаа. Одоогоор найз нар маань тусалж байна. Саяхан хог ачдаг өөрөө буулгагч машинтай хэдэн хүн холбогдож хамтран ажиллахаа илэрхийлсэн байгаа.

-  Худалдаж авсан хогоо хаана хадгалж байна?

- Өлгий сумын 6 дугаар багт хашаандаа буулгаж байна. Иргэд цуглуулсан хогоо надтай холбогдоод өгнө. Мөнгийг нь газар дээр нь төлж байна. Шуудайгаар авч ирсэн хогийг хэмжиж авна. Харин протер машинаар ч юм уу их хэмжээний хогийг тохиролцоод буулгаж байгаа.


Хашаандаа буулгасан хогоо дараа нь яах вэ?

- Яг одоо хог хаягдлыг ангилж дахин боловсруулах, ямар нэгэн юм хийх боломж байхгүй. Цуглуулж байгаад хогийн цэг рүү зөөнө.

Хог хаягдал гэхэд олон янз байгаа. Таны хувьд ямар хог хаягдлыг худалдаж авч байгаа вэ?

- Малын гаралтай түүхий эд, хог хаягдлуудыг авахгүй. Тэднийг байгальд задраад алга болно гэж үзэж байгаа. Харин гялгар уут, архины шил, сав баглаа зэрэг үйлдвэрийн гаралтай хог хаягдлуудыг худалдан авч байна.

Энэ ажлаа цаашид үргэлжлүүлээд явах уу? Эсвэл түр хугацааны ажил уу?

- Хамрах хүрээг нь өргөжүүлээд аваад явна гэж бодож байгаа. Бидний ажлыг дэмжих, санхүүжүүлэх хувь хүмүүс, албан байгууллагууд байвал хамтран ажиллахад бэлэн байна.

-  Байгаль орчны асуудал хариуцсан төрийн байгууллагуудтай санал солилцсон уу?

- Огт яриагүй байгаа. Өөрсдөө ирээд уулзвал ярилцахад бэлэн байна.

Мэдээлэл өгсөнд баярлалаа!



Холбоотой мэдээ