Зөвшөөрөлгүй 132 гараашийг чөлөөлж, ногоон байгууламж хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-02 10:10:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32 дугаар байрны баруун талд зөвшөөрөлгүй барьсан 132 гараашийг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу чөлөөлж, ногоон байгууламж хийж, явган хүний зам тавьж байна.


Гарааш чөлөөлсөн талбайд 1800 ам метр явган хүний зам, 4000 ам метр зүлэг, 600 ам метр эко хавтан хийхээс ажлын явц 80 хувьтай байгаа. Наймдугаар сарын 10 гэхэд ажил бүрэн дуусна гэж гүйцэтгэгч компанийнхан мэдээлэв.


Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Нийтийн эдэлбэр газар чөлөөлөх ажлыг хавраас эхэлсэн. 62 дугаар сургуулийн ард байсан гараашийг нурааж, барилгын хог хаягдал байсныг нь цэвэрлэж, ногоон байгууламж бүхий авто зогсоол байгуулахаар зураг төсөл хийсэн. Мөн “Залуус” хороололд зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгаж, ногоон байгууламж бүхий авто зогсоол байгуулахаар зураг төсөл хийж байна. “Өнөр” хорооллын ард зөвшөөрөлгүй 819 гарааш бий. Холбогдох хүмүүст шаардлага хүргүүлсэн. Дугуй засвар ажиллуулдаг иргэд ажлын байрыг нь хадгалж өгөхийг хүссэн. Иргэд авто зогсоол байгуулах хүсэлт ирүүлж байна” гэв.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг онцлоод, “Улаанбаатар хотод нийт 10.4 га газар чөлөөлж, 21 байршилд тохижилт, ногоон байгууламж хийхээс эхнээсээ ашиглалтад орж байна. Зөвшөөрөлгүй хашаа, хайс татаж, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байгааг шийдэж, иргэдтэй ээлтэй хот бий болгохын төлөө ажиллана” хэмээн ярилаа.


 

Холбоотой мэдээ