Тариалан эрхлэгчид сургалтад хамрагдав

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-07-28 15:29:47

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Тайшир сумд зохион байгуулагдсан "Экологижсон газар тариалангийн зохистой дадал" сэдэвт танхимын болон практик сургалт амжилттай өндөрлөлөө. 

Энэхүү сургалтыг Герман-Монголын хамтын ажиллагааны "Тогтвортой хөдөө аж ахуй" төсөл гардан зохион байгуулж, ХХААХҮЯ-ны Хөрс ургамал хамгаалал, үр сортын хэлтэс, Говь-Алтай аймгийн ЗДТГ, ХХААГ, Инноваци төв, Есөнбулаг сумын ЗДТГ хамтран зохион байгуулсан юм. Сургалтад тус аймгийн зорилтот 12 сумын ХАА-н мэргэжилтэн, газар тариалан эрхлэгчид оролцлоо. 

Энэхүү сургалтыг Монгол Улсын гавьяат агрономич, доктор профессор Б.Дорж, ХААИС доктор, профессор Ж.Чулуунбаатар, ХААИС доктор профессор Б.Нинж, ХААИС доктор Ж.Очир, УГТХ доктор, дэд профессор Дел.Туул, Ш. Баранчулуун, Агрикон ХХК зөвлөх инженер, доктор Шал.Баранчулуун, ХААИС-н доктор, дэд профессор Б.Мөнхбат, доктор Б.Эрдэнэболор, ХХААХҮЯ-ны хөрс ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнэ, доктор Т.Насанжаргал нар удирдан явуулжээ. Тэд өөрсдийн үнэт мэдлэг, олон жилийн судалгааны үр дүнд боловсруулсан арга туршлагаа тариаланч мэргэжилтнүүдэд түгээж, орчин үеийн техник арга туршлагаар экологижсон газар тариалан эрхлэх заавар зөвлөмж өгсөн юм.

Сургалтад оролцсон тариаланчид сургалтын үр дүнд таналт хийх, эко бордоо бэлтгэх, услагааны арга техникээ өртөг багатайгаар сайжруулах, органик жимс жимсгэнэ тариалах, эдийн засгийн үр өгөөжөө нэмэгдүүлэх зэрэг арвин их мэдлэг туршлага хуримтлуулснаар бусад тариаланчдадаа түүнийгээ хуваалцаж хамтдаа өсөн дэвших илүү ихийг хийж бүтээх итгэл дүүрэн сургалтаа өндөрлүүлсэн тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 


Холбоотой мэдээ