“Оюу толгой” компани 12.7 тэрбум ам.долларыг дотоодод зарцуулжээ

Монголын мэдээ | Уул уурхай
oyundelger@montsame.gov.mn
2021-07-28 10:54:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Оюу толгой” компанийн дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 12.7 тэрбум ам.доллар хүрч, үндэсний худалдан авалтад 3.7 тэрбум ам.долларыг зарцуулсныг энэ оны хоёрдугаар улирлын тайландаа онцолж байна.


Тайланд, нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээг хамгийн доод түвшинд барьж байгааг дурдаад, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.20 байгааг тэмдэглэжээ. Энэ нь Оюу толгой”-н аюулгүй ажиллагааны сайн гүйцэтгэлийг батлах бөгөөд өнгөрсөн улирлынхтай харьцуулбал Рио Тинто группийн бусад үйл ажиллагааны дундаж үзүүлэлт 0.39 байв.


Нэг тонн хүдэр боловсруулахад 0.34 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайн ашиглалтын дунджаас гурав дахин бага ус ашиглаж байгаа аж. Энэ хугацаанд ашигласан усаа дунджаар 89.1 хувийг дахин боловсруулж, 80 хувьд хүргэх зорилтоо давуулан биелүүлжээ.


Тайланд дурдсанаар, нийт ажилтны 96 хувь нь монголчууд.Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 503 сая ам.долларыг энэ оны хоёрдугаар улиралд төлсөн бол нийлбэр дүнгээр 2010 оноос хойш 3.4 тэрбум ам.доллар төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ хамаарах аж.


Оны эхний хагаст 628 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 407 нь үндэснийх байна. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 75 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулжээ. Энэ оны хоёрдугаар улиралд зэсийн баяжмалыг хэрэглэгчдэд хүргэхэд гуравдугаар сарын 30-наас эхэлсэн хилийн хязгаарлалт нөлөөлж, “Оюу толгой” компани “давагдашгүй хүчин зүйл бүхий нөхцөл байдал” үүссэнийг зарласан. Дөрөвдүгээр сарын 15-наас зэсийн баяжмалыг хэрэглэгчдэд хүргэх ажлыг сэргээн, ханган нийлүүлэлтийн тасалдлыг зохицуулахын тулд орон нутгийн болон БНХАУ-ын холбогдох албатай хамтран ажиллаж байна.


Монгол Улс дахь цар тахалтай холбоотой өндөржүүлсэн хязгаарлалтууд гүний уурхайн төслийн дүнд ихээхэн нөлөөлжээ. Эдгээр хязгаарлалтад нийцүүлэн уурхайн талбар дахь ажиллах хүчний тоог төлөвлөснөөс 25 хувиар доогуур байлгав. Материал тээвэрлэх нэгдүгээр системийн ажил нарийвчилсан тооцоололд дурдсанаас ахицтай байж, огтлох малталтыг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх техникийн шалгуурыг 90 хувь хангажээ. Цаашид цар тахлын үргэлжилсэн нөлөөлөл, огтлох малталтыг эхлүүлэх техникийн бус шалгуураас үлдсэн ажлууд хамаарахыг цахим хуудаснаа мэдээлжээ.


Энэ улиралд налуу амын туузан дамжуулгын ажилд багахан ахиц гарсан бол агааржуулалтын урд, хойд амын ажилд төдийлөн ахиц гараагүй. Гэсэн ч хорио цээрийн хязгаарлалтыг зөөлрүүлж, ажилчдын цар тахлын эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлснээр уурхайн талбар дахь нөөцийг аажмаар сайжруулж байна. Эхний хагас жилд тохиолдсон цар тахлын хязгаарлалт одоо ч үйл ажиллагаанд нөлөөлж байгааг тооцоолох ажил үргэлжилж байгаа аж. Материал тээвэрлэх хоёрдугаар систем, баяжуулах үйлдвэрийн шинэчлэл зэрэг гэрээний дагуу хийх төслийг дуусгахад шаардлагатай төсвийн нэмэгдэлтэй холбоотой ТУЗ-өөс батлах нь ч хойшилжээ.


Агааржуулалтын урд, хойд амын барилгын ажил хойшилсонтой холбоотой, бусад нөлөөллийг тооцсоны дараа нэг, хоёрдугаар панелын талаарх мэдээллийг шинэчлэн хүргэх юм байна.


Бүх оролцогч тал гүний уурхайн төслийг урагшлуулах, хэлэлцэж буй асуудалд урт хугацааны шийдэл олохыг эрмэлзэж байна. Гүний уурхайн огтлох малталтыг эхлүүлэхэд шаардлагатай шалгуурыг хангах ёстой. Үүнд: шинэчилсэн нөөцийн тайлан, ТЭЗҮ (ОТТЭЗҮ20)-ийг Засгийн газрын холбогдох байгууллагууд бүртгэх, хүлээн авах, "Оюу толгой"-н ТУЗ-өөс гүний уурхайн нарийвчилсан тооцоололтой уялдуулан гүний уурхайн нэмэлт санхүүжилтийг батлах; дөрөвдүгээр сард Рио Тинто ба Туркойз Хилл Ресурс”-ын хооронд байгуулсан гүний уурхайн нэмэлт санхүүжилтийн төлөвлөгөөнд нийцүүлсэн санхүүжилтийн төлөвлөгөөг Оюу толгой”-н ТУЗ батлах, уурхайг дотоодын эрчим хүчээр хангах ажлыг урагшлуулах зэрэг багтана гэж тус тайланд бичжээ.

Холбоотой мэдээ