Говьсүмбэр аймагт боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр хэрэгжүүлэх төслөө танилцуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-27 11:14:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц, уул уурхайн технологийн газрын захирал, "Эрдэнэс Шивээ Энержи" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батмагнай, "Эрдэнэс Шивээ Энержи" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Доржрагчаа нар Говьсүмбэр аймгийн ИТХ-д оролцон, "Эрдэнэс Монгол" нэгдлийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулав.


Тус аймагт боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр 3 томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК-ийн хэрэгжүүлэх 5280 мВ-ын хүчин чадалтай эрчим хүчний экспортын цогцолбор, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК-ийн Шивээ-Овоогийн ордыг түшиглэн барих 200 мВт хүчин чадалтай цахилгаан станц, “Эрдэнэс Стийл” ХХК-ийн хэрэгжүүлэх кокс, ган төмөрлөгийн үйлдвэрийн (500,0 тн металлургийн кокс, 300,0 ган төмөрлөг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай) төсөл юм.


“Шивээ-Овоо”-гийн ордыг түшиглэн барих 200 мВт цахилгаан станцын төсөл нь төвийн эрчим хүчний хомсдолыг арилгах, ОХУ-аас импортолдог цахилгаан эрчим хүчийг багасгаж, дотоодын эх үүсвэрээс хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой.


Мөн “Шивээ-Овоо” нүүрсний ордыг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх замаар байгалийн нөөц ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Монгол Улсын эрчим хүчний салбарт шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, орон нутгийн иргэдэд ажлын байрыг бий болгох зэрэг онцгой ач холбогдолтой.


Аймгийн ИТХ-ын үеэр төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг хийж, цахилгаан станц барих газрыг хэрхэх эсэх асуудлаар санал бодлоо солилцжээ. Говьсүмбэр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид аймагтаа хэрэгжих төслүүдийн хувьд хүлээлт их байгаагаа хэлээд, цаашид “Эрдэнэс Монгол” компанитай бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ