Багахангай дүүргийн төлөвлөлтийг танилцуулав

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-07-26 14:23:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Багахангай дүүргийн төлөвлөлтийг танилцууллаа.


Тус дүүрэг нь Улаанбаатар хоттой 107 км төмөр зам, 90 км хатуу хучилттай замаар холбогддог. Мөн Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Багануур чиглэлийн төмөр замын зангилаа болон Улаанбаатар-Замын-Үүдийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг хэсэгт оршдог, нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нэг юм.


Тус дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2015 онд баталсан бөгөөд 2030 он гэхэд 2800 өрхийн 10 мянган хүн амтай байхаар тооцож, энэ хугацаанд 2400 суралцагчтай сургууль, 900 хүүхдийн цэцэрлэг, 50 ортой хүүхдийн эмнэлэг, 90 ортой эмнэлэг, 200 суралцагчийн МСҮТ, 70 км авто зам, 5400 ажлын байр бий болохоор төлөвлөжээ.


Багахангай дүүрэг нь тэсрэх аюултай бодисын агуулах, хог хаягдал боловсруулах үйлдвэрлэл, тээвэр логистик, төмөрлөгийн үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк, жижиг оврын онгоцны агаарын тээвэр, онц байдлын нөөцийн агуулах зэрэг чиглэлд үйл ажиллагаа явуулж, Улаанбаатар хотын дагуул хот болон хөгжих аж. 

Холбоотой мэдээ