Улсын хэмжээнд жилийн инфляц 2.5 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-24 13:25:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас гаргасан хоёрдугаар улирлын инфляцын тайланд жилийн инфляц улсын хэмжээнд 2.5, Улаанбаатар хотод 1.8 хувь байв.


Энэ нь оны эхний улиралд эрэлтийн гаралтай үнэ өсөх дарамт бага байсны зэрэгцээ нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлсийн үнэ буурсан суурь үеийн нөлөөтэйг тайлбарлажээ. Тодруулбал, цар тахлын сөрөг нөлөөг зөөллөх бодлогын арга хэмжээг үргэлжүүлэн,эдийн засгийн зарим салбарт сэргэлт ажиглагдсан ч вирусын тархалт их байсан нь өрхийн хэрэглээнд сөргөөр нөлөөлж, нэгдүгээр улиралд эрэлтийн шалтгаантай инфляц нам түвшинд байв.


Харин тавдугаар сард инфляц улсын хэмжээнд жилийн 6.2, Улаанбаатар хотын хэмжээнд 6.7 хувь болж нэмэгдэхэд нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлсийн суурь үеийн нөлөө арилсан, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйл нөлөөлсөн байна. Махны үнэ тавдугаар сарын байдлаар жилийн инфляцын 2.0 нэгж хувийг бүрдүүлэв. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом унасан нь манай хилийн үнээр дамжин дотоодын үнэд нөлөөлж өмнөх оны хоёрдугаар улирлаас энэ оны нэгдүгээр улирал хүртэл шатахууны үнэ инфляцыг -1.1 нэгж орчим хувиар багасгах нөлөө үзүүлж байжээ.


Харин 5-р сард шатахууны үнэ инфляцыг 0.4 нэгж хувиар нэмэгдүүлэх нөлөө үзүүлэхэд дотоодын шатахууны үнэ өссөн, өмнөх оны II улиралд үнэ хямдарсан суурь нөлөө арилсан нь нөлөөллөө. Инфляцыг -2.1 нэгж хувиар багасгах нөлөөтэй байсан сайжруулсан түлшний үнийн хөнгөлөлт энэ оны 4 дүгээр сарын нэгнээр дуусгавар болж инфляцыг багасгах нөлөө арилсныг төв банк мэдээлэв.


Энэ онд хүнсний үнийн өсөлт хүлээлтээс их байж, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтийг даган дотоодын шатахууны инфляц нэмэгдэхээр байгаа нь инфляцын төсөөллийг өмнөхөөс нэмэгдүүлэх нөлөө үзүүлжээ.


Нэгдүгээр улирлын дундаж инфляц 1.8 хувь гарсан нь төсөөллөөс 0.2 нэгж хувиар дээгүүр байв. Хол хорионы дэглэм суларч, гадаад эдийн засгийн таатай байдал болон эдийн засгийг сэргээх бодлогын үйл ажиллагааны нөлөөгөөр дотоод эрэлт сэргэж, эрэлтийн шинжтэй инфляц алгуур нэмэгдэх төлөвтэйг тайланд дурджээ.


Дунд хугацаанд гадаад инфляц өсөх нь инфляцыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлэх бөгөөд дотоод эдийн засгийн идэвхжилийг даган эрэлтийн шинжтэйгээр инфляц алгуур нэмэгдэхээр байгаа ч Төв банкны зорилтын орчимд тогтворжих хүлээлт хэвээр байгаа аж. 

Холбоотой мэдээ