Халдвар аваад эдгэсэн болон вакцинд хамрагдсан эсэхийг шалгаж нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-07-22 18:35:04

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын 68-р хуралдаан болж, ойлгомжгүй байсан асуудлуудыг шийдвэрлэжээ. Тухайлбал, зорчигч, жолооч нар нь хот болон сум хоорондын зорчих хөдөлгөөний тухай мэдээллээ www.70584647.mn цахим бүртгэлийн системд заавал бүртгүүлэхгүй байж болно.

Харин автозамын хяналтын постуудад коронавируст халдварт өртөөд эдгэсэн иргэн үүнийгээ нотлох мэдээлэл, вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон бичиг, хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй иргэд PCR шинжилгээ өгөөд 72 цагийн доторх хариу, түргэвчилсэн шинжилгээ өгсөн бол 48 цагийн доторх хариугаа үзүүлэн нэвтрүүлэхээр зохицуулжээ.

Сумд руу зорчих зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд сумдын Онцгой комиссын хяналтын цэг хянаж шалган нэвтрүүлэх бол хяналтын цэгээр нэвтэрч буй иргэдээс түргэвчилсэн шинжилгээг өрх бүрийн нэг гишүүнээс, 5-12 насны хүүхэд бүрээс авна гэв. Коронавируст халдвар тархсан, бүртгэгдсэн нутгаас аймаг, суманд, аймгийн төвөөс суманд ирж буй иргэд долоо хоногийн тусгаарлалтын дэглэмийг чанд мөрдөж, зургаа дахь хоногт шинжилгээ өгч, хариу сөрөг гарвал ажиглалтаас гаргах юм. 

Холбоотой мэдээ