Суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтдыг байгальд эргүүлэн тавилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-07-21 17:33:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газраас бүх нийтийн амралтын өдрүүдээр гэмтэж бэртсэн, идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтдын талаар 11 удаагийн дуудлага хүлээн авчээ.


Тодруулбал, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт үүрнээсээ төөрсөн начин шонхорын хоёр нисгэл ангаахай, гэмтэж бэртсэн хондлой цагаан ураацайг зэрлэг амьтан асрах байранд асарч байна.


Мөн Сонгинохайрхан дүүргийн суурьшлын бүсэд орж ирсэн найман дэгдээхэйтэй хондон ангирыг барьж нуурт шилжүүлэн тавьжээ. Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн суурьшлын бүсэд орж ирсэн хоёр сарьсан багваахай, хоёр өмхий хүрэн, нэг рашааны могой, хоёр бамбай хоншоорт могойг барьж, байгальд эргүүлэн тавьсан байна.


Улаанбаатар хот орчимд рашааны болон бамбай хоншоорт гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Суурьшлын бүсэд голдуу бамбай хоншоорт буюу хортой могой орж ирж байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Зэрлэг амьтадтай холбоотой дуудлага мэдээллийг ажлын цагаар НБОГ-ын 11-323780 утсаар, бусад үед Нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11-310005 тоот утсаар өгөх аж. 



Холбоотой мэдээ