Төр нийгмийн зүтгэлтэн, МОНЦАМЭ-гийн ахмад ажилтан Г.Адъяа Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-07-10 16:14:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр нийгмийн зүтгэлтэн, МОНЦАМЭ агентлагийн ахмад ажилтан Гэлэгийн Адъяа өнөөдөр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ.

Г.Адьяа нь МУИС-ийн хэл бичиг, утга зохиолын ангийг төгссөн. Орос хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт утга зохиолын ажилтан, орчуулагч, хариуцлагатай редактор, орлогч даргаар ажиллаж байсан ахмад ажилтан юм. 

Тэрбээр МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа БНМАУ-ын иргэн сансрын нислэгт оролцохтой холбогдсон ажлын бэлтгэл, явцыг зохион байгуулах, сурталчлах асуудал эрхэлсэн комиссын даргаар ажиллаж байсан төр, нийгмийн зүтгэлтэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр түүнд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлэн цол хүртээхдээ, "Монгол хүн хөх тэнгэрийн мандал, сансар огторгуйд ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан “БНМАУ-ын иргэн сансрын нислэгт оролцохтой холбогдсон ажлын бэлтгэл, явцыг зохион байгуулах, сурталчлах асуудал эрхэлсэн” комиссыг амжилттай удирдан зохион байгуулсан Гэлэгийн Адъяаг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнаж байна. Энэхүү түүхэн үйл явдал нь монгол хүн, Монгол Улс сансрын уудмыг эзэмших, сансар судлалыг хөгжүүлэхэд оролцсон гайхамшигт үйл явдал байсан" хэмээн онцлон тэмдэглэсэн юм.


Холбоотой мэдээ