Монголд тохиромжтой Чехийн онгоц манай улсад туршин нисэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-07-07 14:46:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Чехийн "Шарк" загварын хөнгөн нисэх онгоц ирээд байна. Тус онгоц Хөшигийн хөндий дэх олон улсын "Чингис хаан" нисэх буудлын нээлтийн өдөр шинэ буудалд газардсан бол МИАТ ТӨХК-ийн 65 жилийн ой тохиож буй өнөөдөр манай улс дахь туршилтын анхны нислэгээ Буянт-Ухаа дахь олон улсын нисэх буудалд хийв. 

Туршилтын нислэгийн ёслолд Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ийржи Бродский, "Шарк" нисэх онгоцны нисгэгч Германы улсын иргэн Герхард Вакенхүт, Чехийн нисгэгч Денис Гибадулин нар, Монголын иргэний нисэхийн байгууллагын төлөөлөгч нар оролцлоо. 




"Шарк" загварын хөнгөн онгоц нь 2 хүний суудалтай, цагт 300.51 км хурдлах дэлхийн амжилтыг эзэмшигч, аюулгүй байдлыг бүрэн хангасан, 100 км-т 20 литр Аи-95 шатахуун хэрэглэдэг, ердийн ШТС-аас цэнэглэж болдог, нисэх онгоцнуудаас ашиглалтын зардал маш бага хэрнээ 2500 км алсын зайд нисэх өндөр хүчин чадалтай бага оврын хөнгөн онгоц гэдгийг нисэх багийн ахлагч Денис Гибадулин онцолж байв. Тэрээр, бид  Чехээс 20 дахин том газар нутагтай Монгол Улсад чөлөөт нислэгийн онгоцны загварыг танилцуулахаар ирээд байна. Өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсад яг тохирсон агаарын авсаархан хөлөг учраас бид Монголд онгоцоо авчиран туршиж байна гэдгийг тэрээр тодотгож байв. Танилцуулгаас харахад уг онгоцыг нисдэг машин гэмээр, энэ нь зориулалт болон ашиглалтаас харж болохоор байлаа. 




Шинэ үеийн нисэх онгоц нь Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарын болон хоёр орны уламжлалт хамтын ажиллагааны хөгжилд Чех улс хувь нэмрээ оруулна гэж хэмээн "Шарк" онгоц Монголд ирж байгаагийн илүү чухал ач холбогдлыг Элчин сайд Ийржи Бродский илэрхийлж байв. Тус онгоц нь Монгол, Чех улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 71 жилийн ойн жилд Монголд ирж байна. Үүнийг онгоцны их бие дээрх "OK-AUR 71" гэсэн бичиг илтгэх аж. 




Ёслолын үеэр Элчин сайд Ийржи Бродскийгээс "Шарк" хөнгөн нисэх онгоц Монголд ирэх санаачилга хэзээ анх юунаас эхтэй гарсан талаар тодруулахад:

-Анх 2018 онд Чех улсын худалдааг дэмжих төслийн хүрээнд эхэлсэн гэж болно. Төслийн нэг хэсэг нь Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх, энд сургалт явуулах, туршлага судлах ажлуудыг хийж эхэлсэн. Монголын иргэний нисэхийн олон хүн Чехэд туршлага судлах явцад уг онгоцыг Монголд оруулж ирүүлэх талаар судалсан юм. Энд Монголд ажиллаж амьдарч буй Герман улсын нисгэгч багш Герхард Вакенхүт их хувь нэмэр оруулж энэ онгоцыг Монголд жолоодон ирээд байна. 




Түрүү нисгэгчийн хэлснээр энэ онгоц Монголд хамгийн тохиромжтой, спорт болон аялал жуучлал, онцгой байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээ, байгаль орчны шинжилгээ судалгаа зэрэг олон талын зориулалттай учир хаана ч ашиглаж болох тул ийм онгоц олон ирж ирснээр уг онгоцны нисгэгчдийг Монголд бэлтгэж сургах юм. Энэ үйл ажиллагааг манай хоёр орны хооронд байгуулаад буй Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах Санамж бичигт мөн тусгасан байгаа. Санамж бичгийг манай ЭСЯ Монгол Улсын ЗТХЯ хамтран саяхан гарын үсэг зурж байгуулаад байна гэв. 

Герман нисгэгч Герхард, "Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал нь Монгол Улсад ерөнхий зориулалтын нислэгийн салбарыг хурдацтай хөгжүүлэх үүд хаалгыг нээж байна хэмээн үзэж байна. "Шарк"-ийн өвөрмөц загвар концепц нь монголчуудын тээвэрлэлтийн шаардлагад нийцнэ гэж үзэж байгаа. Энэ нь Төв Азийн Монгол оронд ерөнхий зориулалттай нислэгийн салбарыг хөгжүүлэхэд тохиромжтой эхлэлийн нэг болж чадна. 




Бидний зорилго бол Чех улсын хэт хөнгөн агаарын хөлгийн салбарын сор бүтээгдэхүүнийг нийтийн болон хувийн нислэг сонирхогч хэн бүхэнд таниулах явдал юм. Түүнчлэн, SHARK Монголын зах зээлийг Чехийн нисэхийн салбарынханд нээж өгөөсэй гэж хүсэж байна” хэмээн онцолсон юм. 

Тэгвэл Чехийн нисгэгч, "Шарк" хөлгийн ахмад Денис Гибадулин хэлэхдээ, "Өнөөдөр 3000 гаруй хувийн хэт хөнгөн онгоцтой, нисэхийн үйлдвэрлэл үйлчилгээ эрчимтэй хөгжсөн Чех улсын нисэх онгоцны загварыг Монгол Улс ашиглах боломжийг нээж байна. Холын зайг боломжийн зардлаар хурдан туулахад зориулсан, хамгийн дэвшилтэт технологиор бүтээсэн онгоц юм. Яг үүнд өргөн уудам, том газар нутагтай Монгол орон нийцэх юм. Ийм улсын дээгүүр дүүлэн нисэхийг хүсэн хүлээж байна" гэсэн юм. 




Монголд ирсэн Чехийн "Шарк" онгоц Монголын зураач Л.Амарсанаагийн зурсан, монголчуудын бэлгэдэл 4 хүчтэн амьтнаар чимэн далавчин дээр нь үлгэрийн галт шувууг дүрсэлжээ. 



Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ