Шүүх хуралдааныг Европын жишиг загвараар ажиглаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2021-07-06 16:24:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн шүүх хуралдааны ажиглалт судалгаа хийжээ.

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2022) төслийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл гэр бүлийн хүчирхийллийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, хохирогч-төвтэй хандлагыг хэрэгжүүлж буй байдалд мониторинг хийв. Дээрх төслийг Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-ын хэрэгжүүлж байгаа юм.

Мониторинг судалгааны үр дүн, зөвлөмжийг танилцуулах “Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн шүүх хуралдааны ажиглалт” тайлангийн нээлт өнгөрсөн 7 хоногт болов. Цахим нээлтэд Шүүхийн Ерөнхий зөвлөл, нийслэлийн болон орон нутгийн шүүхүүд, тамгын газрын ажилтнууд, төслийн бусад түнш байгууллага, шүүх хуралдааны ажиглагчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч нар оролцлоо. 

Судалгааны хүрээнд иргэний нийгмийн байгууллага, хуульч, өмгөөлөгчдийн төлөөлөгчөөс бүрдсэн нийт 34 ажиглагчийг сонгон шалгаруулж, чадавхыг бэхжүүлжээ. Мөн шүүх хуралдааны  ажиглалт явуулах мэргэжилтнийг бэлтгэж байна. Судалгааг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) шүүх хуралдаан ажиглах жишиг загварт суурилан сэдэвчилсэн шүүх хуралдааны ажиглалт  явуулахаар боловсруулжээ. Шүүх хуралдааны ажиглалтыг зорилтот Төв, Ховд, Дорноговь, Өвөрхангай, Архангай аймаг болон Улаанбаатар хотын Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр нийт 57 зөрчлийн болон эрүүгийн хэргийг ажиглажээ. 




Канад улсын ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагаа хариуцсан дарга Гленн Зизанский судалгааны нээлт дээр хэлэхдээ, “Монгол Улсын зөвлөх мэргэжилтнүүд болон эрх зүйн туслалцаа үзүүлэгч нар энэхүү судалгаанд оролцож, шүүх хуралдааны ажиглалтыг хэрэгжүүлж байна. Үндэсний зөвлөх болон оролцогч талууд нь Монгол Улсын хэмжээнд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх урт хугацааны амжилт ололтод хүрэх түлхүүр юм. Монгол Улсын Засгийн газарт зөвлөх мэргэжилтнүүдтэй үргэлжлүүлэн хамтран ажиллаж, шударга ёсны тогтолцоог хүн бүрт хүртээмжтэй, шударга байлгах үүднээс зогсолтгүй сайжруулалт хийхийг хүсэж байна” хэмээн онцоллоо.  

Тайлан судалгааны гол үр дүнг холбогдох салбар бүрээр ангилж хохирогч хамгааллыг сайжруулах чиглэлээр үндсэн зөвлөмжийг өгчээ. Тухайлбал, шүүхүүдэд: 

  • Хохирогчийг буруутгах, тэдэнтэй жендэрийн хэвшмэл ойлголтоор хандахаас татгалзах,
  • Орц, гарцыг тусгаарлах,
  • Хүлээлгийн тусдаа танхимтай болох,
  • Хохирогчдын аюулгүй байдлыг хангахтай холбоотой мэдээлийг системтэй өгөх,
  • Бүх нийтийн аюулгүй байдлын шалгалт, түүний дотор зэвсгийн үзлэг хийх, 
  • Аюулгүй байдлын болон хамгаалалтын ажилтнуудыг хангалттай байлгах, Эрүүгийн хэргийн төдийгүй зөрчлийн хэргийн шүүх хуралдааны хуваарийг системтэйгээр цаг тухайд нь шүүхийн вебсайт, шүүхийн байрны самбарт ил байрлуулах.
  • Шүүх хуралдааны танхимыг шаардлагад нийцсэн хэмжээтэй байлгах.

Шүүгч, прокурор, өмгөөлөгч, цагдаад:

  • Аюулын зэргийн үнэлгээ бүх өндөр эрсдэлтэй хэргүүдэд хийх. 
  • Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх хүчин чармайлтыг нэмэгдүүлэх, ГБХ-ийн хохирогчдын хамгаалалтыг сайжруулах чиглэлийн UPR-ийн зөвлөмжийн дагуу хохирогчдод дараах зүйлсийн талаар мэдээлэл өгөх. Үүнд:
  • Нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэл гаргах эрхийн тухай мэдээлэх,
  • Нөхөн төлбөр шаардаж болох бүх төрлийн хохирлын тухай мэдээлэх,
  • Нэхэмжилж болох бүх төрлийн нөхөн төлбөрийн тухай мэдээлэх,
  • Бүх холбогдогч (яллагдагч)-д процессын эрх, үүргийх нь тухай мэдээлэх, тэдний чадамжид нийцүүлэн холбогдох тайлбарыг өгөх;




Шүүх хуралдаанд гар утас ашиглахаас татгалзах.

Холбогдогч (яллагдагч)-ийг гэм буруугийн талаарх ойлголтыг төрүүлж болзошгүй байдлаар шүүх хуралдаанд оролцуулахаас урьдчилан сэргийлэх 

Холбогдогч (шүүгдэгч)-ийг гэм буруутай гэж үзэгдэх байдлаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө олон нийтэд мэдээлэл хийхээс татгалзах

Хохирогч, холбогдогч (шүүгдэгч)-ийг албан ёсны тэмдэглэлтэй танилцах, энэ талаар асуулт асуух талаар мэдээлэх

Шүүх хуралдааны үеэр хамгийн багадаа шийдвэрийн хураангуйг (үндэслэлийг дурдсан байх) уншиж танилцуулах 

Хуулиар хязгаарлаагүй тохиолдолд бичгээр үйлдсэн бүх шийдвэрийг олон нийтэд нээлттэй байлгах

Тогтоосон хугацаанд шийдвэрийг олон нийтэд нээлттэй болгох

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахтай холбогдсон шийдвэрт хангалттай үндэслэлийг дурдах

Таслан сэргийлэх арга хэмжээ авах тохиолдолд яллагдагчийг мэдээллээр хангах

Хуульд зааснаар холбогдогч (яллагдагч) хууль ёсны төлөөлөлтэй байх шаардлагатай бол өмгөөлөгчгүйгээр байцаалт авахаас урьдчилан сэргийлэх

Бүх холбогдогч (яллагдагч)-ид байцаалтын тэмдэглэлийн хуулбартай уншиж танилцах боломжийг олгох, эсхүл тэдэнд уншиж өгөх

Зөвхөн эрүүгийн хэргийн төдийгүй зөрчлийн хэргийн бүх холбогдогч (яллагдагч)-дод байцаалтын тэмдэглэлд засвар хийх, нэмэлт мэдээлэл оруулах боломжийг олгох.


Холбоотой мэдээ