Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг ирэх жил хүртэл хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-07-02 12:49:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар энэ жилийн Үндэсний их баяр наадмыг ирэх жил хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.


Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэв. Тэрбээр, “Засгийн газар өмнөх хуралдаанаараа Үндэсний их баяр наадмыг цахимаар шийдвэрлэсэн. Гэхдээ ЭМЯ болон бусад байгууллагын дүгнэлтээр Үндэсний их баяр наадмыг хойшлуулснаар 12 мянган хүн бөөгнөрч 3000 мянган хүн халдвар авах эрсдэлтэй гэсэн дүгнэлт гаргасан юм. Энэ дагуу Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшуулах шийдвэр гаргасан” гэлээ.


Аймаг, сумдын наадмыг ч мөн нэг жилээр хойшлуулж байгаа бөгөөд үүнээс хэмнэсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулах аж. Харин энэ сарын 10-19-нд бүх нийтээр амрах шийдвэрийг хэвээр үлдээжээ. Тодруулбал, Үндэсний их баяр наадмаар тав хоног амардаг. Хуулийн хүрээнд Засгийн газраас энэ сарын 16-ны баасан гаргийн ажлын өдрийг 24-ний бямба гарагт шилжүүлж нийт 9 хоног амрахаар шийдвэрлээд байгаа юм.


Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх төсвийг Нийслэлийн Засаг даргад хуваарилдаг бөгөөд нийт 3.5 тэрбум төгрөг олгодог байна. Энэ төсвийн 25 хувийг соёл, урлагийн тоглолтод зарцуулдаг бөгөөд Хүй долоон худагт хийж буй Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэх бэлтгэл хангаж, урлаг соёлын видео бичлэг бэлтгэж байгаа юм. Уг бичлэгүүд дуусах шатандаа орсон бөгөөд нийт хэдэн төгрөг зарцуулсныг одоогоор тоооцох боломжгүй байгаа юм. Түүнчлэн одоогийн байдлаар бэлэн болсон бичлэгүүдийг энэ сарын 11-13-нд олон нийтэд үзүүлэхээр төлөвлөж байгаа юм. 

Холбоотой мэдээ