Эмнэлгийнхнийг ээлжээр амрааж, хүний нөөцөө сэлбэх шаардлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-07-01 19:28:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрч, эмнэлэгт 6585, гэрээр 23 684, тусгаарлах байранд 481 иргэн эмчлүүлж байгааг өнөөдөр хуралдсан НОК-ын хурлаар танилцуулав. 

Эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсээд байна. Үндсэн болон коронавирусний эмчилгээ, үйлчилгээнд ажиллаж байгаа эмч, ажилтнууд туйлдах, халдвар авах, ажлаасаа халшрах, гарах болсон байна. Иймд эмнэлгийн ажилтнуудыг ээлж дараагаар амраах, хүний нөөцөө сэлбэх шаардлагатай байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэлж байлаа.




Түүнчлэн ойрын өдрүүдэд бороо хур их орж байгаа. Иймээс үер, усны аюулаас сэргийлэх талаар анхаарч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар холбогдох албаныханд анхаарууллаа. Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар танилцуулж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан завьт эргүүлийнхэн өдөр тутам үүрэг гүйцэтгэж, 6 хүний амь авраад байгааг хэлэв. Мөн бороо их орж байгаатай холбоотойгоор Туул голын усны түвшин олон жилийн дунджаас 10 см-ээр нэмэгдсэн тул иргэдийг үер, усны аюулаас болгоомжлохыг сануулсан юм.

Холбоотой мэдээ