Үндэсний бичгийн анхан шатны мэдлэг олгох сургалтад алба хаагчдыг хамруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-30 15:29:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдаа үндэсний бичгийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамруулж, батламж гардууллаа.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг, Засгийн газрын “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”, “Монгол хэлний тухай хууль”-ийг хэрэгжүүлэх, мөн аймгийн Засаг даргын үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх “Аймгийн тэргүүний салбар зөвлөл, байгууллага, хамт олон, алба хаагч, иргэн, багш шалгаруулах” удирдамжийн дагуу алба хаагчдаа сургалтад хамруулсан байна. Мөн угийн бичиг хөтлөх, Монгол үндэстэн оршин тогтнох соёл, сэтгэлгээний баталгаа болсон үндэсний бичгээ сурч эзэмших, судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх, хуулиар олгогдсон эрх, боломж, нөхцөлийг хангах чиглэлээр нэг сарын хугацаатай танхимын сургалтыг Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн монгол хэл бичгийн багш нартай хамтран зохион байгуулжээ. Мөн байгууллагын гадна хаяг, албан тасалгааны хаяг, нэрийг хос бичгээр бичих ажлыг эхлүүлээд байна.


Цаашид тус газрын хамт олон Монгол хэлний тухай хуулийн 7.2 дахь заалт “Үндэсний бичгийн хөтөлбөр”-ийг үе шаттай хэрэгжүүлж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн монгол бичгээр албан бичиг боловсруулах бэлтгэл ажлыг ханган, хамт олноороо хэл бичиг, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд идэвх санаачилгатай оролцох ба энэхүү үндэсний бичгээ сурч мэдэх үйлсэд төрийн захиргааны байгууллага, хамт олон, иргэн бүр идэвхтэй оролцохыг уриалж байна. 


Д.Урансолонго

Холбоотой мэдээ